Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Манай улс Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын 5 гарцтай болно.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгажээ. Үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх хүрээнд 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, нийт 648 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулжээ.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтуудыг холбох хил дамнасан төмөр замын төслүүдийг эхлүүлээд байна.