Зам, тээврийн хөгжлийн яамны төлөвлөгөөт ажлын хүрээнд баруун чиглэлийн авто зам дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийжээ. Шалгалтаар дээр дурдсан аймгуудын авто зам, автотээвэр, иргэний нисэхийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. Үйл ажиллагааны чиглэлээр нь тодотговол, авто тээврийн чиглэлээр хяналт шалгалтад 29 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад нийт 501 зөрчил, дутагдал илэрчээ.
Тухайлбал, зорчигч тээврийн 3, сургуулийн хүүхэд тээврийн 1, ачаа тээврийн 1, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 3 зөрчил илэрч нийт найман акт үйлдсэн. Зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Мөн 27 албан шаардлагаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, 7 аж ахуй нэгж, байгууллагад нийт 5.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Авто замын чиглэлээр зам хариуцагч 9 байгууллага хяналт шалгалтад хамрагдлаа. Шалгалтын явцад ажиглагдсан, илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гэвэл хийж буй ажлаа бодьтой тооцож төлөвлөдөггүй, хөтлөгдвөл зохих баримт бичгийн бүрдэл хангалтгүй, өөрөөр хэлбэл мөрдөгдөж явах стандарт, норм, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй байжээ.