Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар "Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" аяныг 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байна.
Аяны хугацаанд Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бусад холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангуулах чиглэлээр улсын хэмжээнд үзүүлэх дадлага сургуулилт хийж, үе шаттай, эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулах юм.
Барилгын салбарт чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандартыг мөрдүүлэх зорилготой тус аян 2023 арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Аяны хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ, “Барилга, хот байгуулалтын гол зорилго нь хүн байх болно. Түүнийг барьж буй барилгачдын аюулгүй байдал, амь нас болон тэр барилгыг ашиглах дотор нь ажиллаж амьдрах иргэдийн амь нас, эрүүл мэнд нэгдүгээр асуудал” болохыг цохон тэмдэглэсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг мөрдөж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлснээр иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах улмаар айл гэр бүлийн амьдралын чанар, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогод нөлөөлөхүйц онцгой арга хэмжээ болохыг онцолсон.
Энэхүү арга хэмжээ нь үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, сурталчилгаа хийх, иргэдэд аюул, ослоос сэрэмжлүүлэх энгийн дадал олгох зорилготой юм.
Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онуудад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа амь нас үрэгдсэн 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, нийт осолдогчийн 13.1 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ байна.
2023 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 144 тохиолдол бүтгэгдсэнээс барилгын салбар 10 гаруй хувийг эзэлж байна.
Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах 15 норм, нормативын баримт бичиг, 80 гаруй стандартуудыг салбарын яам боловсруулснаас гадна Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенчид нэгдэн орж хэрэгчилтийг ханган ажиллаж байна.