Монголчууд хөшөө босгох хоббитой. Тэд нэгэн үе аймаг, сум байгуулагдсаны түүхэн ой, уламжлалт баяр ёслол, олны танил хүмүүсийн дурсгалд зориулан хөшөө барьдаг байсан бол орчин цагт хэн дуртай нь, хүссэн газраа ийм зүйл босгодог болж. Сургуулийн түүхэн ой, төгсөлтийн уулзалт, ургийн баяр тэмдэглэх, сум, орон нутгийнхаа өнгө төрхийг засах, гудамж, талбай тохижуулах нэрээр энд тэндгүй шавар овоолдог “моод” хавтгайрлаа. Олон улсын нэгэн байгууллагын Монгол дахь салбарынхан хэдэн жилийн өмнө энэ чиглэлээр тооллого, судалгаа хийснийхээ дараа “Монголчууд сансрын таван пуужин, атомын хоёр цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон” хэмээн танилцуулж, биднийг “ангайлгаж” байв.
Мөн манай улсад морь мал, нохой, шувуунд зориулсан 3500 орчим хөшөө буйг илрүүлж, илчилсэн юм даг. Тэгвэл бид үүнээс хойш ч өчнөөн тэрбум төгрөгийг, дээрхээс ч олон тооны бүтээн байгуулалт хийх хэмжээний мөнгийг ийм байдлаар салхинд хийсгээд байна. Эцэс сүүлдээ энэ нь аялал жуулчлалын салбарт ч “халдварлалаа”. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор данхар төсөвтэй, “зэрэмдэг” хөшөө, цогцолбор цөөнгүйг босгов.