Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй , хуучин ногоон автобусны дуулиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын иргэнийг саатуулан шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудын мэдээлснээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт холбогдох үйлдэлд БНСУ-ын иргэн, 43 настай Лий Жон Собыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэлсэн байна.
“Воннам ЖЛС” гэх компанийн захирал Лий Жон Соб нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн оруулж ирсэн хуучин автобуснуудаас цөөнгүйг нь тээвэрлэхээр гэрээ байгуулсан агаад Монголд оруулж ирснийх нь дараа шинэ автобус хэмээн бүрдүүлэлт хийсэн байж болзошгүй гэнэ . Ташрамд дурдахад, НПГ-аас “Тэн үүнОгоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг “Тендерт оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөн, өөрсдөдөө давуу байдал бий болгосон хэрэгт хамтран оролцсон” гэх үндэслэлээр сэжигтнээр татсан бөгөөд тэдэнтэй хамт НХААГ-ын албан тушаалтан Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан.
Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн байна. Түүнчлэн дээрх дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн цагдан хорих, нэгт нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг прокурорын байгууллагаас хүргүүлснийг шүүх өчигдөр шийдвэрлэсэн юм. Мөн БНСУ-ын иргэн Лий Жон Собыг шүүхийн зөвшөөрөлгүй албадан саатуулснаа үргэлжлүүлэн хорих асуудлыг мөн өчигдөр хэлэлцсэн бөгөөд дугаар шилжих мөчид шийдвэр гараагүй байв.