Ганц бие өндөр настан манай улсад 44 000 гаруй байна. Тэднээс дөрвөн хүн тутмын гурав нь ядуу амьдарч байгаа аж. Монгол хүн тэтгэвэрт гараад л ядуусын эгнээнд шилждэгийг нотлох жишээ нь эл тоон үзүүлэлт юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс өнгөрсөн онд хийсэн “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмж” судалгаагаар ийм дүгнэлт гаргажээ. Ахмад настнууд ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан нь тэтгэврээс өөр орлогогүйтэй нь холбоотой гэнэ. Цаашлаад тэтгэврийн мөнгө амьжиргаанд нь огт хүрэлцдэггүй учраас тэд ядуурлын шугамаас доош “унадаг”. ШУА-ийн Философийн хүрээлэнгээс өнгөрсөн онд “Ахмад настны социаль асуудал: Үр дагавар, төлөв хандлага”-ын суурь судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар нийт өндөр настны 96.2 хувь нь тэтгэврээр амьжиргаагаа залгуулдаг гэсэн дүн гарчээ. Тэгвэл ганц бие ахмад настнуудын тухайд эл үзүүлэлт 88.1 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, тэдний дийлэнх нь тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй. Дөнгөж зургаан хувь нь хөдөлмөр эрхэлж, нэмэлт орлого олдог гэжээ. Гэтэл ганц бие ахмад настнуудын тэтгэврийн дундаж хэмжээ 544.1 мянган төгрөг байгаа нь дээрх судалгаагаар тодорхой болсон аж. Энэ хэмжээний мөнгөөр тэд 30 хоногт яаж амьдрах вэ. Үндсэндээ тэд өдөрт 18 000 төгрөгөөр өл залгуулдаг гэсэн үг. Цаашлаад ахмадууд тэтгэврээ урьдчилаад зээлээр авчихвал ийм хэмжээний ч орлогогүй болно.