ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим залилан газар авсныг алхам тутамд сануулж буй. Үүнтэй зэрэгцээд төв болон арилжааны банкууд өдөр тутамдаа цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг байнга түгээж, сэрэмжлүүлсээр ирсэн. Харамсалтай нь, сэрэмжлүүлгийг олонх нь үл хайхарч, дэлгэцийн цаанаас худалдаа хийж, түрээсийн тохироогоо ярилцаж, захиалга өгч, хэн нэгний гуйлтаар мөнгө шилжүүлж, виз мэдүүлж, өв залгамжлах “эрх” гардаж, бүр хайр дурлалын харилцаа үүсгэн, их хэмжээний мөнгө шилжүүлж, эцсийн дүндээ бүгд хохирогч болдог. Дэлгэцийн цаанаас уран мэхийг уралдуулан сэнхрүүлж, бүр амьдрал ахуй, гал тогоо руу өнгийж, улмаар таныг удирдаад буй тэр этгээд ердөө л залилагч, хулгайч, луйварчин. Хэнийг ч өрөвдөхгүй залилахад бэлэн хүрэл зүрхтэй, хүйтэн сэтгэлтэй нэгэн дэлгэцийн цаана сууж байдаг.
Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгосон ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж буй. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн хормын дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд нэмэгдсээр. Цахим залилангийн тохиолдлуудыг сургамж болгох үүднээс эш татаж нийтэлье.
Кэйс-1
Залилагч “Цен" ХХК болон “Про” ХХК гэсэн хуулийн этгээд байгуулан, Фэйсбүүк хаягаар “Мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана” хэмээн зар байршуулжээ. Залилагч иргэдээс 5-50 сая төгрөг авч, жилийн гэрээ байгуулдаг ч тэднийг 1-3 сарын түрээсийн мөнгийг төлж байранд оруулж залилсан байдаг. Ингэхдээ бодит мэт ойлголт төрүүлэхийн тулд Улаанбаатар хотын төвд оффис түрээслэн жил гаруйн хугацаанд 112 иргэнээс нийт 1.6 тэрбум төгрөгийг нэр бүхий банкны дансаар авч залилсан байдаг.
Кэйс-2
“Жүжигчин” гэсэн Фэйсбүүк хаягаас бусад руу “Iphone Xs Max”, “Samsung S-10” гар утаснуудыг 99 хувь хямдруулж авах эрх хожсон байна” гэж мессеж илгээжээ. Улмаар 187 иргэнээс 1 хувийн төлбөрийг нэр бүхий банкны дансаар авч залилсан хэрэг гарчээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 13.803.925 төгрөгийг бусдаас залилсанийг тогтоосон байдаг.
Кэйс-3
Монгол Улсын А компаниас Оросын Холбооны Улсын Б компанитай цахимаар харилцаа тогтоож, 2.890.000 рублийн үнийн дүнтэй “В” нэртэй тос худалдан авахаар цахим гэрээ байгуулжээ. Улмаар гэрээний дагуу компаниас ирүүлсэн нэхэмжлэлээр 2.890.000 рублийг ОХУ-ын “Альфа банк” дахь дансанд шилжүүлсэн боловч одоог хүртэл захиалсан бараагаа авч чадахгүй залилуулсан. Цахим залилан цаг хугацаа, орон зай хамаардаггүй, та дэлхийн хаана ч байсан хохирогч болдгийг дараагийн кэйсүүдээр нотолж болно.
Кэйс-4
Манай улсын иргэн Л нь Ливи улсад байлдаж байгаа Америкийн Нэгдсэн Улсын цэргийн “түрүүч”-тэй цахимаар найз болжээ. Улмаар “түрүүч найз” нь тусгай ажиллагааны явцад Исламын Бүгд Найрамдах Улсад нуусан их хэмжээний бэлэн мөнгө болох 4,430,000 ам.доллар хураасан, түүнийгээ Л-д дипломат илгээмжээр явуулсан гэж итгүүлсэн аж. Л илгээмжийн зардалд 6 удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.долларыг Бүгд Найрамдах Турк Улс руу шилжүүлж, хохирогч болжээ.
Кэйс-5
Монгол Улсын хязгаарлагдмал хариуцлагатай компани нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэнтэй цахимаар холбоо тогтоожээ. Ингээд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авахаар тохирч “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 5 удаагийн үйлдлээр нийт 127 800 юанийг “BANK OF INNER MONGOLIA” банк дахь дансанд шилжүүлсэн байна. Харамсалтай нь, авахаар тохирсон тоног төхөөрөмжөө авч чадахгүй залилуулсан аж.
Кэйс-6
Т.Төмөр нь мөрийтэй тоглоомд донтсон нэгэн. Байнга гар утсаараа мөрийтэй тоглоом тоглодог, мөнгөө алдаад дахин тоглохын тулд бусдын фейсбүүк хаягт нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар таах олон удаагийн оролдлого хийсэн. Улмаар олон оролдлогынхоо нэг тохиолдлоор нь иргэн Т.Мандахнарангийн фейсбүүк хаягт нэвтэрч чаджээ. Ингээд түүний байнгын харилцаа холбоотой байдаг хүмүүсийн чатыг уншиж, түүний үеэл эгч Б.Дашдулам руу “Эгчээ яаралтай мөнгө хэрэгтэй байна, 1 500 000 төгрөгийг маргааш болтол зээлээч танд 50,000 төгрөг нэмээд өгье” гэж чаат бичжээ. Иргэн Б.Дашдулам түүний бичсэн чаатанд эргэлзэж, утасны дугаар луу нь залгахад ярьж байгаа дохио ирсэн тул үнэн гэж итгэж залилагчийн данс руу 1 500 000 төгрөгийг эгчээс нь гэх утгатай шилжүүлж залилуулсан.
Кэйс-7
Иргэн Ж нь цахим орчинд “Баярмаа”, “Баяржавхлан”, “Гантунгалаг”, “Тэмүүжин” нэртэй хуурамч цахим хаягууд нээж, өвчтэй хүүхдийн эмчилгээнд хандив өгөхийг уриалан, худал мэдээлэл, зураг оруулжээ. Улмаар өөрийн харилцагч банкны 66666666666 тоот дансаар 588 хохирогчоос 280 сая төгрөг залилсан байдаг.
Кэйс-8
Архангай аймгийн Хайрхан дулаан сумын иргэн Б нь Үнэгүй.мн сайтад байршуулсан “Приус-20 болон Портер-2 зарна” гэх зарын дагуу тухайн мэдээллийг оруулсан Davaakhuu Davaa-тэй фэйсбүүк хаягаар нь холбоо тогтоожээ. Улмаар тээврийн хэрэгсэл нь тухайн хүний өмч хөрөнгө мөн эсэх, бодит эсэхийг нягтлан шалгалгүй урьдчилгаа болох 6 сая төгрөгийг Түмэн-Од гэх хүний дансанд шилжүүлж, хохирогч болжээ.
Мэдээллийн эхэнд банкууд сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол түгээдэг талаар дурдсан. Тэгвэл ХААН банкнаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Бид гар утсандаа хувийн нууцлалтай холбоотой бүхий л мэдээллээ хадгалдаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бичиг баримтын хуулбар, тэр ч байтугай и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер, инстраграмын нууц үгүүдээ зарим нь тэмдэглэж, тэдгээр хаяг руу автоматаар нэвтрэхээр сануулж орхидог шүү дээ. Улмаар интернэт банк, банкны аппликэйшн руугаа зөвхөн өөрсдөө л мэдэх нэр, нууц үгээр нэвтрэх тул өөр хэн нэг этгээд мэдэх боломжгүй гэж бат нот итгэлтэй явдаг. Харин гар утас тань хэн нэгэн гэмт этгээдийн гарт орсон л бол тэр нэвтрэх нэр, нууц үгийг таны утсан дээр нээлттэй байгаа и-мэйл хаяг, эсвэл мессежээр дор нь сэргээгээд авчихдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тиймээс хэн нэгэн утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай. Учир нь та мэдээллээ бусдад алдсанаар санхүүгийн эрсдэлд орох магадлалтай.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
- Гар утсандаа ямар нэгэн нэвтрэх нууц код үүсгэлгүй, хурууны хээ таниулах болон бусад төрлийн танин баталгаажуулалтын аргыг хэрэглэх;
- Гар утсан дээрээ интернэт банк, бусад төрлийн хувийн мэдээлэл агуулдаг аппликэйшн рүү ханддаг нэвтрэх нэр, нууц үгээ сануулан хандахад амар байдлаар хадгалах;
- Интернэт банк, и-мэйлийн нууц үгийг утасны дугаар, төрсөн өдөр зэргээр таахад хялбараар зохиох;
- Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграм ашиглан танил, найз нөхөд тань мөнгө зээлүүлэхийг хүсэхэд лавлан баталгаажуулахгүйгээр үйлдэл хийх;
- Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань хэн нэгэн лавлаж асуухад хэлж өгөх;
- Танил найз нөхөд, хэн нэгэн гар утсанд тань ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг асуухад хэлэх;
- Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус, сонирхол татахуйц мэдээ мэдээллийн холбоос дээр дарах, хувийн мэдээллээ оруулах;
- Бусдын гуйлтаар банкны карт, данс болон гар утсаа ашиглуулах;
Эцэст нь сануулахад, цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд сошиал орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах (Two Factor Authentication) аргыг ашиглан хувийн мэдээллээ хамгаалахаа мартуузай. Мөн Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгууд, хувийн и-мэйл хаягийн "Security Login" тохиргоог идэвхжүүлснээр таны хаяг, аккаунт руу хөндлөнгийн этгээд нэвтрэх оролдлогыг хянаж боддог.