БНХАУ-д үргэлжилж буй “Ханжоу-2022” Азийн наадмын сагсанбөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдсөн Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээгийнхэн багийн спортод анхны медалийг авчирч, нэгэн шинэ түүх бүтээв. Монголын баг тамирчид Ираны Тегеран хотод 1974 онд зохион байгуулсан Азийн наадамд оролцож эхэлснээс хойш 49 жилийн дараа медаль хүртсэн баярт агшин энэ. Эрэгтэйчүүд тоглолтын талбайд Филиппин, Хонконг, Иран, Катар, Японы тамирчдыг буулган авч, медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод БНСУ-ын шигшээг 21:20 онооны харьцаагаар хожиж, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүд Хонгконг, Йордан, Филиппин, Тайланд, Тайванийн багийг илүүрхэн аваргын төлөө эзэн орны хүчирхэг багийнханд 12:21-оор ялагдсан ч мөнгөн медаль зүүсэн юм. Монгол Улс эл спортод тивийн орнуудаас өндөр амжилт үзүүлж, хос медаль хүртсэн орноор шалгарсан байна.
Тус наадамд и-спортын Дота2 төрөлд “IHC Esports” багийнхан улсаа төлөөлж оролцож буй. Тэд шигшээ наймд Казахстаны тоглогчдыг 2:1-ээр ялж, хагас шигшээд энэ жилийн ДАШТ-ий шигшээд учраа таарсан Киргизстаны багийг 2:0-ээр хожжээ. Манайхан алтан медалийн төлөө БНХАУ-ын тоглогчидтой өрсөлд өнө. Азийн наадмын чухал тоглолтод хоёр багийнхан авьяас, мэдрэмж, ур чадвараар аль нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох нь. Өмнөх “Жакарта 2018” Азийн наадамд эл төрөл үзүүлэх спортоор анх удаа багтсан бол энэ удаагийнхад албан ёсны медалийн төлөө өрсөлдөх спортын төрөлд багтсан юм. Боксын төрөлд тулалдаж буй шигшээ багийн тамирчдаас Б.Чинзориг эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Казахстаны тамирчин Ертуган Зейнуллинов- ыг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр медалийн өнгө хувиргах, “Парис 2024” олимпын эрх авах тоглолтод Азийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдана.