2024 оны төсвийн төсөлд хууль болон бодлогын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээнд 155.3 тэрбум, нэг удаагийн арга хэмжээнд 232.7 тэрбум төгрөгийг тусгажээ. Тодруулбал, орон нутгийн тэтгэмж эхний удаа 5 жил, дараагийн удаа 3 жил тутам 6 сарын тэтгэмж олгох боловсролын салбарын багш, ажилчдад олгох тэтгэмжид 75.8 тэрбум, Багш мэргэжлээр суралцагсдад тэтгэлэг олгох санхүүжилтэд 13 тэрбум, 15 дээш жил ажиллаж байгаа болон тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа Багшийн хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт 7.1 тэрбум, 5 жил тутамд ТЗ албан хаагч 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 59.4 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.
Харин нэг удаагийн арга хэмжээ буюу УИХ, ИТХ-ын сонгуульд 72.2 тэрбум төгрөг төлөвлөснөөс 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, Орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Мөн Парис-2024 олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн үйл ажиллагааны зардалд 22.6 тэрбум, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ.
Түүнчлэн, 2024 онд 23 төсөл, хөтөлбөрийг (Агаарын геофизикийн судалгааны ажил) шинээр хэрэгжүүлнэ. Шинээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд хайгуул, ашиглалтын талбайн хэмжээг 255,066.8 км2-аар нэмэгдэж, 40 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Бүх нийтийн тоон гарын үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологид суурилсан системийн хөгжүүлэлт зэрэг цахим шилжилт арга хэмжээний зардалд 20 тэрбум, Төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын нормативт зардалд 68.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.