Москва “анхнаасаа л оросын” гэж үздэг бүс нутгийг өөртөө нэгтгэх хүртлээ Украин дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгдэв.
“Нацист Киевийн дэглэмийг бүрэн устгаж, Оросын уугуул нутаг дэвсгэрийг дайснаас чөлөөлөх хүртэл цэргийн тусгай ажиллагаа үргэлжилнэ. Ялалт бидний талд байна. Мөн Орост олон шинэ бүс нутагтай болно" гэж тэрбээр Telegram сувагтаа бичжээ. ОХУ-ын ерөнхийлөгч асан аль бүс нутгийн тухай ярьж байгаагаа тодорхой заагаагүй байна.
2022 оны намар Оросын эрх баригчид Украины эзлэгдсэн Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудад ОХУ-д нэгдэх талаар “бүх нийтийн санал асуулга” явуулсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчид "мөнхөд ОХУ-ын иргэн болно" гэж мэдэгдсэн бөгөөд есдүгээр сарын 30-ны өдрийг “нэгдэх өдөр” болгох тухай хуульд гарын үсэг зурсан.
Гэхдээ Оросын арми Украины дээрх дөрвөн бүс нутгийн аль нэгнийх нь нутаг дэвсгэрт бүрэн хяналт тавьж чадаагүй байна. Оросын цэргүүд Херсон мужийг гуравдугаар сарын эхээр эзэлсэн бол аравдугаар сард Киев эргүүлээд хяналтандаа буцаасан.
Эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргахыг Киев Оростой энхийн хэлэлцээ эхлүүлэх нөхцөл гэж байгаа.