Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэргүүтэй хүмүүс өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ардчилсан намаас С.Зориг агсны амиа алдсан энэ өдрийг ардчиллын үнэт зарчим болох хүний эрх, эрх чөлөөг хамгаалах сануулга болгож, жил бүр хүний эрхийн форум зохион байгуулахаар болсон аж. Энэ үеэр тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “25 жилийн өмнө ардчиллын алтан хараацай, МоАХ-ны анхны зохицуулагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Ардчилал бидэнд амархан ирээгүй, анхдагчдын амь нас, халуун цусны үнэ цэнээр олдсон юм. Үргэлж хайрлаж, хамгаалж байхгүй бол эмзэг зүйл.
Ардчиллын ололт болсон хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийн төлөө бид үргэлж тэмцэж байх ёстой. Энэ бол зөвхөн АН-ын биш, бүх хүний үүрэг” гэлээ. Өнгөрсөн хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн гол эзнийг олж тогтоож чадаагүй учраас АН энэ талаар байнга сануулж, шаардах болно гэдгээ тэр хэлсэн юм. Тус нам дэргэдээ Хүний эрхийн хороо байгуулсан юм байна. Уг хороо эрх нь зөрчигдсөн хүмүүсийн үгийг сонсож, хамгаалах үйл ажиллагаа явуулах аж. Энэ хүрээнд цаашид уламжлалт болгон зохион байгуулах “Хүний эрх ба үзэл санааны хоригдол” сэдэвт форум хийсэн байна