“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”- ийнхэн (МГТБҮ) бүтээн байгуулалтын сүүлчийн буюу дөрөвдүгээр багцынхаа хүрээнд хийх лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг Энэтхэгийн “Мега инженеринг инфрастракчер лимитет” компанитай өнгөрсөн баасан гарагт байгууллаа. Ингэснээр МГТБҮ-ийн бүтээн байгуулалтын бүх багц ажил ерөнхий гүйцэтгэгчтэй болж, барилга угсралт нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдсэн байна. Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон тос дамжуулах хоолой барих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ирэх оноос дээр дурдсан лицензтэй технологийн байгууламжуудыг барьж эхлэх аж. Өөрөөр хэлбэл, өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтын төсөл нэг шатаар ахих нөхцөл бүрдсэнийг МГТБҮ-ээс мэдээллээ. “Мега инженеринг инфрастракчер лимитет” компани сонгон шалгаруулалтад оролцон ажил гүйцэтгэх эрхээ авсан бөгөөд өдгөө дээрх бүтээн байгуулалтад Энэтхэг, Итали, АНУ зэрэг зургаан орны компани оролцож буй юм.