Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Ингэхдээ тэрбээр ирэх оны төсвийн төсөл нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжтойгоороо онцлог хэмээн тодотгов. Сангийн сайд “Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч эхэлсэн. Улмаар энэ оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларыг даван, эдийн засаг зургаан хувиар өсөх төл өвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, цар тахлын өмнөх түвшинд хүрч, сэргэх нөхцөл бүрдүүлж байна” гэсэн юм. Түүнчлэн 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
Мөн хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын дагуу төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг өгөх өөр төл өвлөсөн байна. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос эл нэмэгдлийг авах аж. Үүнээс гадна “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжихээр тусгажээ. Ингэхдээ инженерийн бүрэн дэд бүтэцтэй суурин газарт барьсан орон сууцад ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулсан гэнэ. Холбогдох зохицуулалтыг ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод оруулсан байна. Харин инженерийн дэд бүтэцгүй суурин газарт эрчим хүчний хэмнэлттэй, “ногоон” орон сууц барихаар төлөвлөжээ.
Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцын зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөх заалт төсөлд бий аж. Мөн орон сууцын барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөхөөр төлөвлөжээ. Төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 18 аймагт ажилласан байна. Тэдний зохион байгуулсан уулзалтад 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд өгсөн саналыг нь тус төсөлд эрэмбэлэн тусгажээ. Иргэдийн саналаар эрэмбэлсэн төслүүдийн 59 хувь нь зам, тээвэр, 17 хувь нь боловсрол, 11 хувь нь эрчим хүч, 4.3 хувь нь барилга, хот байгуулалт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжүүлэхээр буй аж. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх нь дэд бүтцийн буюу зам, тээвэр, эрчим хүч, инженерийн хангамжийн төсөл байгааг Сангийн сайд онцолсон. Харин нийгмийн салбарын төслүүдийн олонх нь боловсролынх гэнэ.