Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжид үндэслэн, “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатарын оролцоотойгоор өрнөсөн ийм нэг хуйвалдааны хэрэг олон нийтэд ил боллоо. Тэд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх алс холын ажлыг агаараас газарт буулгасан мэтээр өнг өрс өн хугацаанд өөрсдийгөө дөвийлгөн сурталчилж, тодруулж ирсний цаана ийм л увайгүй хулгай нуугдаж байж. Он цагийн дараалал бүхий дээрх мэдээллээс хотын удирдлага болон “Түгжрэл”-ийн сайд нар хуулийн цоорхойг ашиглан хулгай хийх замаа хэрхэн зассаныг, нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн парк шинэчлэлийн ажил эцэстээ хэрхэн бүтэлгүйтсэнийг, худалдан авах ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан гэх байгууллагуудын мэдээлэл хэрхэн илт зөрж байгааг, нийслэлийнхэн даргаа, өөрсдийгөө хаацайлахын тулд яаж бажгадаж, үндэслэлгүй, үнэнээс хол зөрүүтэй зүйл ярьж буйг тодорхой ойлгож болно.
Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд нь хувийн хэвшлийнхэнтэй гар нийлж, үгсэн хуйвалдаж хийсэн зохион байгуулалттай гэмт хэрэг. Улайм цайм, ил цагаандаа гарсан луйвар. Төр нь иргэдээ үл тоож, дорд үзэж буй доромжлол. Тэдний оруулж ирсэн автобуснууд хуучин, засвартай гэдэг нь мэргэжлийн хүмүүс байтугай жирийн иргэдийн нүдэнд ч илхэн байна. Техникийн инженер, мэргэжилтнүүд нь хүртэл нарийвчилсан оношилгоо, шинжилгээ хийгээд тэдгээрийг будагтай, капитал засвартай, өндөр настай гээд тогтоочихлоо. Техник хэрэгслийн талаар дориун мэдлэгтэй хүмүүс арлын дугаараар нь хөөгөөд гарал үүслийнх нь мэдээллийг ч илрүүлчихэв. Түүгээр ч зогсохгүй “Zyle daewoo bus” компанийн удирдлага өмнө нь гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй, тэднийх өнгөрсөн хавраас эхлээд БНСУ-аас олон тооны хуучин автобус оруулж ирж, засаж сэлбэсэн гэх зэрэг нарийн мэдээллийг ч хүмүүс төнхөөд ил болгочихлоо.
Тэр ч бүү хэл, уг үйл явдалтай холбогдуулан нийлүүлэгч компаниас гаргасан мэдэгдэл хуурамч байж болзошгүй үндэслэлийг гярхай, хэрсүү иргэд дэвшүүлэв. Гэтэл энэ бүхнийг удирдан зохион байгуулсан, санаачилсан буруутнууд болох нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар бараа сураггүй, ажиг чимээгүй. Ж.Сүхбаатар сайд хэрэг бишидсэн даруйд “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагад мэдэгдэл хүргүүлж, “Биднийг хуурсан бол гэрээгээ цуцална”, “Өдий хүртэлх хугацаанд гаргасан зардлыг нөхөн төлүүлнэ” гэж сүрдүүлэв. Энэ үйл явдалд “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагыг буруутгасан өнгө аястай мэдээллийг ч хаа нэгтэйгээс санаатайгаар, зохион байгуулалттайгаар түгээж эхэллээ. Төр нь хувийн хэвшил рүү буруугаа чихэж, хотын удирдлагууд нь уснаас хуурай гарахыг хичээж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг төрийн нууцад хамруулж, худалдан авах ажиллагааг нь тендергүй, шууд зохион байгуулах эрхийг “Тэнүүн-Огоо”-д хотын дарга, “Түгжрэл”-ийн сайд хоёр л олгосон шүү дээ. Эцсийн дүндээ энэ нь Тагнуулын ерөнхий газраас гаргасан санал биш гэдгийг ч Ж.Сүхбаатар сайд телевизийн нэвтрүүлгийн үеэр ам алдчихсан. Нийтийн тээврийн асуудлыг төрийн бодлогын гол цөмд аваачсан хэмээн гавьяагаа булаацалдаж, сонгууль угтсан шоугаа эхлүүлээд асан тэд одоо хаана байна вэ. Улсын төсвийн хөрөнгөөр “хаягдал”, хуучин автобус шахсан энэ хэрэг бол төрд нүүрлэсэн хулгайн, нийтийн тээврийн салбарт ужгирсан мөнгө угаах гэмт хэргийн зах зух төдий нь юм. Нэг автобусыг 336 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг нь ч дэгсдүүлсэн үнэ. Үүн дээр тээврийн зардал хөлсийг нэмбэл хагас тэрбумд дөхөхийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Үндсэндээ аль амбасын үеийн, хэрэглээнээс гарсан, стандартын шаардлага хангахг үй автобусыг будаж, янзлаад тэнгэрт хадсан өндөр үнээр нийлүүлсэн гэсэн үг. Ийм доромжлол гэж байх уу даа.
Тэдгээрийгээ жишим ч үгүй төв талбайдаа гарган олон нийтэд танилцуулж байгаа нь, “Цоо шинэ автобус учраас VIN дугаараар нь вэб системээс хайж олох боломжгүй”, “Арлын дугаар 30 жил тутамд давхацдаг” гэх арга ядсан тайлбараар иргэдийг хуурах гэж оролдож буй нь даажигнал гэлтэй. Уг үйл явдалтай холбогдуулан ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэргийг шалгаж эхлээд байна . Баримт, нотолгоо нь илт энэ хэргийг тэд шалгасан шиг шалгаж, хөшигний цаана нуугдсан жинхэнэ буруутнуудад хариуцлага тооцоосой.
“Тэнүүн-Огоо”, “Zyle daewoo bus” компанийн удирдлага өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ үйлдвэрлэлийн шатанд чанарын асуудал гаргаснаа хүлээн зөвшөөрч, Монголын ард түмнээс уучлал гуйна лээ. Гэхдээ тэд эцсээ хүртэл “Эдгээр нь 2023 онд үйлдвэрлэсэн цоо шинэ автобус” хэмээн гүрийж, “Арл ын дугаараар нь шүүж үзэхэд 30 жилийн өмнөхтэй ижил тэмдэглэгээ гарч ирсэнд бид өөрсд өө ч цочирдсон” гэж үлгэр ярив . Энэ нь дээрх хоёр компаниар л “туг тахиад” өнгөрөх, хотын удирдлага, “Түгжрэл”-ийн сайдыг хэргийн ард үлдээх үндэслэл огтоос биш билээ.
2022.05.13 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж, 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Ингэхдээ үүнийг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд хамааруулан худалдан авах ажиллагааг нь нууц хэлбэрээр тендергүй, шууд зохион байгуулахыг үүрэг болгожээ .
2022.09.28 Ж.Сүхбаатар (Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга): -2022-2024 онд нийтийн тээврийн 80 хувьд парк шинэчлэл хийж, 1134 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Үүний 810-ыг нь улсын төсвөөс, 224-ийг нь нийслэлийнхээс гаргана. Улсын төсвөөр авах 810 автобусны 600 нь дизель хөдөлгүүртэй, 160 нь цахилгаан, 50 нь дунд оврынх байна. Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж 318 тэрбум төгрөгийн төсөв баталсан. (Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ ийн мэдээлэв)
2023. 01.31 Ж.Сүхбаатар: -Сүүлийн 10 гаруй жилд нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж чадаагүйн шалтгаан нь ашиг сонирхлын зөрчил байсан. Хэн илүү авлига өгсөн нь, мөнгө амласан нь тендерт ялж ирсэн. Тиймээс нийслэл энэ ажлыг ашиг сонирхлоос ангид, түргэн шуурхай явуулахын тулд худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтгүй, шууд зохион байгуулах асуудлыг Засгийн газарт тавьсан юм билээ. (Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярив)
09.15 Нэгэн сайт “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатарын олон тэрбум төгрөгөөр авсан автобуснуудыг шинээр нь хадгалж байна” гэсэн гарчигтай, улаан автобуснуудын зурагтай нийтлэл түгээв. Тэрбээр үүний хариуд “Увайгүй гөрдөж, худал мэдээлэл цацаж эхэллээ. Миний авсан гэх ийм автобус хаана ч байхгүй. Засгийн газрын дэмжлэгээр нийслэлийнхний хэрэгжүүлж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн II шатны ажлыг саяхнаас эхлүүлсэн. Үүний хүрээнд ногоон өнгөтэй, цахилгаан, цоо шинэ автобусыг цөөн тоогоор явуулж буй. “Hyundai county” загварын дунд оврын 50 автобус шинээр оруулж ирсэн” гэж мэдэгдсэн юм.
09.18 Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан гэх “Skywell” загварын цахилгаан 20 автобусыг Улаанбаатар хот руу нэгэн цуваагаар оруулж ирж байгаа дүрс бичлэгийг Ж.Сүхбаатар сайд цахим хуудсандаа нийтлэв.
09.20 Нийслэлээс тендер зарлалгүйгээр 318 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авахаар гэрээ байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 заалтыг ашиглан үүнийгээ улсын нууцад хамруулсныг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын гишүүн П.Наранбаяр олон нийтэд мэдээллээ .
09.21 П.Наранбаяр нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдааны үеэр дээрх мэдээллийг тодруулахад “Долоон аж ахуйн нэгжээс хамгийн бага үнийн санал ирүүлснийг нь шалгаруулж, захиалгын гэрээ байгуулах эрх өгсөн. Автобусны үнэ, гүйцэтгэгчийн нэр зэрэг нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон холбогдох бусад байгууллагаас асуух шаардлагатай” гэсэн хариулт өгөв.
09.22 Автобус худалдан авах ажиллагааг улсын нууцад хамааруулж, тендергүй зохион байгуулсан үндэслэлээ тайлбарлахыг шаардсан асуулгыг нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг нийслэлийн Засаг даргад хүргүүллээ. •Д.Сумъяабазар (Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга): - Тендерийн тухай хуулийн дагуу автобус худалдаж авбал хамгийн багадаа 90 хоног зарцуулна. Маргаан үүсвэл үүнээс ч илүү хугацаа орно. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2021 онд 60 автобус нийлүүлэх тендерийг нээлттэй зарласан ч оролцогчид маргаан үүсгэснээс энэ ажил нэг жил гаруйн хугацаагаар сунжирсан. Автобус худалдан авахад хуваарилсан 318 тэрбум төгрөг бол нийслэлийнх биш, улсын төсөвт суулгасан мөнгө. Засгийн газар худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлд шилжүүлж, парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Үүний дагуу хуулийн багийнхан ажиллаад, худалдан авах ажиллагааг төрийн нууцад хамруулж, ажлыг нь эрчимжүүлэх санал оруулсан юм. Бид хууль зөрч өөгүй. (Агаарын бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлын үеэр)
09.26 Ж.Сүхбаатар: -Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан дизель хөдөлг үүртэй, “Daewoo” брэндийн автобусны 80-ыг нь Улаанбаатар хотод оруулж ирлээ. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд “Daewoo” брэндийн 600, “Skywell”-ийн бүрэн цахилгаан 100, нийт 700 автобусаар нийслэлч үүдэд үйлчилнэ. МҮОНТ тухайн өдөр “Энэ онд үйлдвэрлэсэн “Daewoo” брэндийн шинэ 600 автобус оруулж ирнэ” гэсэн гарчигтай мэдээ түгээсэн бол нийслэлийнхэн 80 автобусаа “ёслол төгөлдөр” угтан авч байгаа сурталчилгааны өнгө аястай дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд оруулав.
09.29 Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр тэргүүтэй ХҮН намын гишүүд “Тэнүүн-Огоо” компанийн I баазад очиж, шинээр оруулж ирсэн гэх “Daewoo” брэндийн автобуснуудтай танилцлаа. 2023 онд үйлдвэрлэсэн, шинэ автобус гэхэд дэндүү хуучинсаг, болхи хийцтэй, өө сэвтэй, стандартын шаардлага хангахгүй байгааг тэд зургаар баримтжуулан олон нийтэд дэлгэсэн юм. Иргэд нийгмийн сүлжээнд тэдний оруулсан автобусны зурган дээрх арлын дугаар (VIN)-ын тэмдэглэгээг цахим бүртгэлийн системээс хайж, 2023 оны шинэ загвар гэгдэх өнөөх автобуснууд нь 1993 онд үйлдвэрлэсэн, 30 жилийн настай “хөгшин” унаа болохыг илрүүлж орхив. Мөн тэдгээрийг БНСУ-ын “Young an” корпорацын “Zyle daewoo bus” компанийн Вьетнам дахь салбар компаниас нийлүүлсэн байж болзошгүйг иргэд ил болгосон нь нийгмийн сүлжээнд шуугиан дэгдээв. 12.30 цаг. Хууль зөрчиж худалдан авсан, хуучин автобусны асуудлаар нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг хэвлэлийн хурал хийж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нарыг огцрохыг шаардлаа.
П.Наранбаяр (Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч): -Монголын төр сүүлийн таван жилийн хугацаанд нийтийн тээврийн салбарт нэг их наяд төгрөг зарцуулсан. Гэтэл дээрдсэн, өөрчлөгдсөн зүйлгүй нөхцөл байдал улам дордсоор байна. Шинээр оруулж ирсэн гэх ногоон автобуснуудад эргэлзээтэй, хардлага төрүүлсэн олон зүйл гарлаа. А.Отгонбаяр (ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, төлөөлөгч, техникийн ухааны магистр, инженер): -Бүх төрлийн машин, техникийг угсрахдаа эхлээд бүх эд ангийг нь зургийн дагуу, ямар ч алдаа мадагг үй гаргадаг. Юуны түрүүнд үндсэн эд ангиудаа угсарсны дараа нэмэлт тоноглолуудаа хийдэг. Гэтэл “Zyle daewoo bus” компаниас нийл үүлсэн “New BS106” маркийн автобусыг угсрахдаа яг үүний эсрэг хийсэн юм шиг харагдлаа. Деталь хэсгүүд нь хоорондоо зөрсөн, холбоосууд нь огтлолцоог үй байна. Зарим хэсэгтээ зэвтэй, будахдаа маш дутуу, болхи ажиллаж.
Энэ автобуснуудыг гар аргаар угсарсан гэж үзэж байна. Ченж нарын оруулж ирж, засварлан зардаг хуучин машинаас ялгаагүй санагдлаа. Э.Золзаяа (ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн): -Аль 2002 онд үйлдвэрлэлээс хасагдчихсан хуучин загварын автобусыг яагаад 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр авч буй нь анхаарал татаж байна. Нийтийн тээврийн автобус үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, үнэ, чанарын хамгийн боломжит хувилбарыг санал болгодог улс (өмнөд хөрш) дэргэд байсаар атал яагаад дампуурсан, өрсөлдөх чадваргүй болсон корпорацтай нэгтгэгдсэн компанийн охин компаниас ийм өндөр үнээр хуучин автобус авахаар болов. Д.Гантулга (Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга): -Өнөөдөр үүсээд буй энэ асуудал бол Монгол Улсад сүүлийн 30 жилд нүүрлэсэн хулгайн илрэл юм. Хотын дарга Д.Сумъяабазар автобус худалдан авах ажиллагааг тендергүй зохион байгуулсныхаа төлөө огцрох ёстой. Энэ бол илтэд хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Монгол Улсад хууль хяналтын байгууллага гэж байдаг бол Засгийн газар нь энэ хэргийг шалгуулж, ил тод мэдээлэх хэрэгтэй. “Түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар ч огцрох ёстой. Огцроод зогсохгүй хариуцлага хүлээх учиртай. Шаардлагатай бол бид Вьетнам явж, ийм чанаргүй, хуучин автобус нийлүүлсэн үйлдвэрт очно.
15.00 цаг. ХҮН намын мэдэгдлийн дараа эрх баригчид буюу нийслэлийн холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийсэн юм. Б.Тамир (Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвл өлтийн хэлтсийн дарга): -Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул арлын дугаар 30 жилийн хугацаанд давтагдах тохиолдол бий. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл яаралтай буцаана. Гэхдээ гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь авто тээврийн оношилгооны төвтэй. Тэндээ автобуснуудыг нэгбүрчлэн, нарийвчлан шалгадаг. С.Жавхлантбаатар (Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга): -Автобуснуудыг үйлдвэрээс гарахаас нь эхлээд хүлээж авах хүртэлх бүх үе шатанд ажлын хэсэг хяналт тавьж байгаа. “Daewoo” брэндийн автобуснуудын дунд хуучин тээврийн хэрэгсэл бий, эсэхийг нягтлуулахаар техникийн салбарын эрдэмтэн, судлаачаас бүрдсэн ажлын хэсгийг давхар байгуулахаар шийдвэрлэлээ. Г.Энхтайван (Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга): -Автобус худалдан авах ажиллагааг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу манай газар зохион байгуулсан. Нийт долоон газраас үнийн санал авснаас “Тэнүүн-Огоо” компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан. Тус компани их багтаамжийн автобусыг 336, дундыг нь 218, цахилгааныг нь 625 сая төгрөгөөр нийлүүлэх санал ирүүлсэн юм. Мөн 10 гаруй цахилгаан автобус, цэнэглэгч 41 төхөөрөмж илүү нийлүүлэх боломжтой гэсэн тул үр ашигтай санал ирүүлсэн гэж үзэж сонгосон. “Тэнүүн-Огоо” ажлаа гүйцэтгэхдээ зөрчил гаргаагүй. Ж.Бямбадулам (нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга): Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамж болон автобус худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Тус хэсэгт “Хуулиар төрийн нууцад хамруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байдаг. Уг худалдан авах ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гэдэг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас дэвшүүлж, нийслэлийн ЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Үүний дагуу Засаг дарга захирамж гаргаж, худалдан авах ажиллагааг үндэсний аюулгүй байдалд хамруулан зохион байгуулсан.
09.30 Эл өдөр “Daewoo”, “Skywell” брэндийн 30 автобусыг нийслэлийн төв талбайд байршуулж, олон нийтэд нээлттэйгээр танилцуулав. Уг нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооныхон Д.Сүхбаатарын талбайд 60 автобус авчирч, танилцуулна хэмээн өмнөх өдөр нь мэдээлсэн ч яг тухайн мөчид 30- ийг нь л гаргаж харуулав. Сошиалын хүч тэднийг ийн хөдөлгөсөн юм. Харамсалтай нь, хамгийн өнгөтэй өөдтэй, өө сэв багатай нь хэмээн онцлон сонгож, нийтэд танилцуулсан автобуснууд нь ч “комисс”-ынх гэдэг нь илт мэдэгдэж байлаа. Утаа хаягчаас нь хар тортог олгойдож нийслэлчүүдийг цочроов. Энд тэндэх сэвийг нь дарахын тулд зарим хэсэгт ногоон будаг хайр гамгүй шавсныг нь мэргэжлийн хүмүүс зориулалтын багажаар ядах юмгүй илрүүлчихэв. Энэ бүхнийг нүдээр үзэж, бодитоор баталсан иргэд хэлэх үгээ олж ядаж байлаа.