Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил олгогч нарыг холбох “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг-2023” арга хэмжээ ирэх сарын 17-нд болох нь. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс уг арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч нарыг холбоод зогсохгүй аль алинд нь техникийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ. Түүнчлэн найман аж ахуйн нэгжийн 300 орчим ажлын байрыг иргэдэд санал болгохоор төлөвлөжээ.