Олон улсын ахмадын өдөр нөгөөдөр тохионо. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгохоор шийдвэрлэжээ. Энэхүү өдрийг тунхагласан зорилго нь ахмад настнуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг. Харин манай улсын хувьд энэ өдрийг баяр хэмээн үзээд, ахмадуудаа хүлээн авч, хооллоод, сайндаа бэлэг өгөөд өнгөрөөдөг жишигтэй. Өндөр настнуудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх зэрэг нь үүний ард дарагдаад үлддэг. Ер нь тэдний эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлуудыг шийдэх нь төр, засгийн бодлогын түвшинд, бас нийгмийн хамгийн бага нэгж гэр бүлд ч орхигдсоор ирлээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өдгөө манай улсын хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байна. Ахмадуудын дотор эмэгтэйчүүд 59.6, эрэгтэйчүүд 59.6 хувийг эзэлж буй аж. Улсын хэмжээнд 100-гаас дээш настай 109 иргэн бий гэнэ. Тэднээс хамгийн ахмад нь 121 настай. Өнгөрсөн сарын эцсийн дүнгээр улсын хэмжээнд 382 821 гаруй хүн өндөр настны тэтгэвэр авч байжээ. Тэтгэврийн доод хэмжээ өдгөө 550 000 төгрөг. Нийт ахмадын 60 хувь нь ийм хэмжээний тэтгэвэр авдаг. Түүнчлэн өндөр настнуудын 20.7 хувь нь өдгөө хөдөлмөр эрхэлж байна.
Дээрх хорооноос гаргасан хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд манай улсын хүн амд эзлэх ахмадуудын хувь 19-д хүрэх төлөвтэй. Энэ нь манайх залуусын орноос хөгшчүүдийн улс болоход ойртоно гэсэн үг юм. Улс орнууд ийм нөхцөл байдалтай тулгарахаасаа өмнө ахмад настнуудад зориулсан үйлчилгээнүүдээ сайжруулж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгоход анхаардаг аж. Мөн ахмадуудад зориулсан хөгжлийн төв олноор байгуулдаг. Харин манайд дээрх арга хэмжээнүүдийн аль алийг нь огт анхаардаггүй гэхэд болно. Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн барилгыг 12 жилийн өмнө барьж эхэлсэн ч өдий хүртэл ашиглалтад оруулж чадаагүй нь үүний нотолгоо болох биз ээ.
Гэсэн ч цаашид ийм байдлаар алгуурлах ёсгүй. Төр, засгийн түвшинд бодлогын арга хэмжээнүүдээ хангалттай төлөвлөх шаардлага байна. Бас гэр бүлийн түвшинд ч ахмадуудаа хүүхэд харагч, орон байрны манаач шиг хандалгүй тэдний хөдөлмөр эрхлэлт, хөгжлийг дэмжих зэрэг олон арга хэмжээ үгүйлэгдэж буй. Ялангуяа жилд ганц тохиодог ахмадын өдрөөр тэднийг баярлуулах нэрээр хооллоод өнгөрдөг бус, ганц ч гэсэн асуудлыг нь шийддэг байя.