“Тэвчээрийн тог тасарлаа” эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц хайж, салбарын төрийн болон орон нутгийн өмчит компани, хувийн хэвшлийнхний удирдлага, ажилтнууд, түншлэгч талууд хэлэлцүүлэг өрнүүлэв. Эл салбарын ажилтнуудын аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулж, цалинг нэмэгдүүлэх, улмаар тасралтгүй, найдвартай үйл ажиллагаа явуулахад бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
Тухайлбал, ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөрлөж, аюулгүй байдал алдагдсан, цалингаас шалтгаалж бусад салбар луу шилжих болсон зэргийг оролцогчид хэлж байлаа. Мөн эрчим хүчний салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, эх үүсвэр болон шугамын аюулгүй ажиллагааны найдвартай байдал, хүчин чадал, үнэ тарифын талаар баримталж буй бодлого, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, өсөн нэмэгдэж буй ачаалал, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа зэргийн талаар дээрх холбооныхон, ЭХЯ, ЭХЗХ, ХНХЯ, ТӨБЗГ, ДҮТ зэрэг байгууллагаас мэдээлэл өгсөн юм. ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Эрчим хүчний эх үүсвэрүүд нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Аль нэгэн тоноглолд гэмтэл гарвал хүчин чадлынх нь хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна” хэмээн ярив. Увс, Сэлэнгэ, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл, Дорнод, Орхон, Өмнөговь зэрэг аймаг, нийслэлээс 270 гаруй төлөөлөл оролцсон эл зөвлөгөөнөөс гарсан саналыг Засгийн газарт хүргүүлж, хэрэгжилтийг нь шаардаж ажиллахаа дээрх холбооныхон илэрхийллээ.
Бэлтгэсэн: Б.Сонор