УИХ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын тушаалаар зарим салбар, чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Тодруулбал, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй, загвар хоршоо, мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй, нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид олгох гэнэ. Төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хаягаар өчигдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 27-ныг дуустал үргэлжлэх аж.
Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх зээлийн ерөнхий нөхцөлөөс дурдвал батлагдсан нийт төсөв нь 2.5 тэрбум төгрөг, жилийн гурван хувийн хүүтэй, санхүүжилтийн хэмжээ нь 210 сая хүртэл, хугацаа нь найман жил, үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлөгдөх юм байна. Тавих шаардлагын хувьд жимс, жимсгэнийн талбайн хэмжээ нь хоёр га-гаас дээш байх, зөвхөн алим, чавга, интоор, үхрийн нүд, гүзээлзгэнэ тариалах ёстой гэнэ. Тэгвэл загвар хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх зээлд зориулан 996 сая төгрөг олгох бөгөөд хугацаа нь найман жил байх нь. Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоход 500 саяыг зарцуулах бөгөөд хугацаа нь таван жил, үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөх, санхүүжилтийн хэмжээ нь 50 сая төгрөг хүртэл байх аж.