Нийслэлийн ерөнхий архитектороор одоогоос 20 гаруй жилийн өмнө ажиллаж байсан М.Цэлмэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Уг албан тушаалыг хашиж байхдаа хэд хэдэн аж ахуйн нэгжид барилга барих газрын асуудлыг шийдэж өгсөн хэмээн шалгаж байгаа юм билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргахаар прокурорын байгууллагад хандсан. Уг нэхэмжлэлийн дагуу УЕПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм. Улмаар үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн билээ. Энэ хүрээнд М.Цэлмэгийг шалгаж эхэлсэн аж. 20 гаруй жилийн өмнө хашиж байсан албан тушаалтай нь холбоотой үйлдлийг шалгаж буй учраас үр дүн нь нэлээд удаашрах нь лавтай.