“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023” арга хэмжээ өчигдөр боллоо. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний холбоо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагаас зохион байгуулсан тус чуулганы үеэр “Эрчим хүчний засаглал”, “Эрчим хүчний салбарын бодлого, шилжилт”, “Үнэлгээ ба урагшлах зам”, “Нарны эрчим хүчний төслүүдээс суралцсан сургамж”, “Шинэ цөмийн эрчим хүчний хөгжлийг дэмжих нь” зэрэг сэдэвт 10 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Эл салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал, 2020 онд 88.1, 2021 онд 77.8, өнгөрсөн жил 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Үүнд эрчим хүч, дулааны тарифыг үйлдвэрлэлийн зардлаас үргэлж багаар тогтоож ирсэн буюу зарим хэрэглэгчид 68 хувийн бага үнээр нийлүүлж буй нь нөлөөлжээ.
Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өдгөө 1544 МВт байгаа бол 2030 он гэхэд эл дүнг хоёр дахин өсгөх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байв. Улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, зөвхөн нүүрснээс эрчим хүч, дулаан үйлдвэрлэж буйг багасгах хэрэгтэйг ч мөн дурдлаа. Эл салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал, 2020 онд 88.1, 2021 онд 77.8, өнгөрсөн жил 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Үүнд эрчим хүч, дулааны тарифыг үйлдвэрлэлийн зардлаас үргэлж багаар тогтоож ирсэн буюу зарим хэрэглэгчид 68 хувийн бага үнээр нийлүүлж буй нь нөлөөлжээ. 2005 онд эрчим хүч, дулааны зардалд өрхүүд орлогынхоо 9.1-15.4 хувийг зарцуулж байжээ.
Тэгвэл өдгөө цахилгаан, дулааны нэг сарын зардалд айл өрхүүд орлогынхоо 3.4-4.4, гар утас болон интернэтийн төлбөрт 10 орчим хувийг төлж буй судалгаа ч гарчээ. Тиймээс ахуйн хэрэглээний эрчим хүч, дулааны тарифыг ирэх сараас 28 хүртэлх хувиар нэмэгдүүлэх саналыг ЭХЯ-наас гаргажээ. Энэ талаар тус яамны Эрчим хүчний бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий “Эрчим хүчний хангамж бол халамж биш. Иргэд, аж ахуйн нэгжүүд аль нь ч хэрэглэж буй цахилгаан, дулаанаа үйлдвэрлэлийнх нь бодит өртгөөр худалдан авах хэрэгтэй. Тийм өртгийг ч төрөөс тогтоон, салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэх учиртай” хэмээн “Эрчим хүчний салбарын бодлого, эрчим хүчний шилжилт” сэдэвт илтгэл тавих үеэрээ дурдав.
Манай улс 2010 онд 25.8 сая тонн хүлэмжийн хий ялгаруулж байсан бол 2020 онд эл тоо 49.1 саяд хүрсэн байна. Тэгвэл 2025 онд ийм хийн хэмжээ 62.4, 2030 онд 74.2 сая тоннд хүрэх тооцоо бий гэнэ. Хүлэмжийн хийн 66.7 хувийг эрчим хүч, 31.1 хувийг нь хөдөө аж ахуйн салбараас ялгаруулсан дүн бий. Түүнчлэн 2025 онд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг 54.7, 2030 онд 57.3 сая тоннд “барих” зорилт тавин, үүнийгээ Парисын хэлэлцээрийн үеэр батлан үүрэг хүлээсэн. Үүний тулд цөөнгүй ажил хийж буй юм байна. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Ховд аймгийн Мянгад, Говь-Алтайн Есөнбулаг, Алтай, болон Хөвсгөлийн Мөрөн зэрэг сумд нарны 35, салхины 15 МВт-ын хүчин чадалтай станц байгуулахаар ажиллаж буй.
Ингэснээр дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулж, импортоор авч буй цахилгааны хэмжээг 50 МВт-аар, нүүрстөрөгчийнхэмжээг багасгах ач холбогдолтой. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг 2027 онд ашиглалтад оруулснаар баруун таван аймгийн хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээс хангах боломж бүрдэх аж. Гэхдээ манай улс ийм станц олныг барих боломжгүйг ойлгох хэрэгтэй гэнэ. Учир нь томоохон гол мөрнүүдийн дийлэнх нь гадагшаа урсгалтай тул хөрш оронтойгоо зөвшилцөх, гэрээ хэлэлцээр байгуулах шаардлага тулгардаг бөгөөд урсгал нь дотооддоо байдаг Ерөө, Ховд зэрэг голд түшиглэн УЦС байгуулах нь.
Монгол орны нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих төслийн талаар дээрх хурлын үеэр хөндлөө. Байгалийн хий нь нүүрсний хэрэглээг бууруулах боломжит сонголтуудын нэг, ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой хэмээн тооцжээ. Үүнтэй холбоотойгоор дотооддоо нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг эрчимжүүлжээ. Одоогоор Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан дөрвөн компани хайгуулын зургаан талбайд үйл ажиллагаа явуулж буй аж. Метан хийн хангамжийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд 2019-2022 онд боловсруулжээ. Үүгээр нүүрсний давхаргын метан хийн эрэлт хэрэгцээ, хийн хангамжийн сүлжээ байгуулах судалгаа хийн 10 жилийн стратеги боловсруулж, хууль, эрх зүй, зах зээлийн үнэлгээ хийсэн байна.
Уг үнэлгээгээр Улаанбаатарт 2030 он гэхэд нэг тэрбум шоо метр хий хэрэглэх магадлалтай бөгөөд 80 хувийг нь дулааны болон цахилгаан эрчим хүч гарган авах, 15 хувийг нь тээврийн хэрэгсэл, үлдсэнийг нь ахуйн болон аж үйлдвэрийн хэрэгцээнд зарцуулах тооцоо гарчээ. Тиймээс Улаанбаатарт “ДЦС-2”, “Дэнжийн 1000”, “Шар хад” дэд төв зэрэг долоон байршилд хийн түлшний станц байгуулан, 350 гаруй Гкал/ц хийн түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөөс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тарифын дээд хязгаарыг тогтоох, хямд үнээр өрсөлдөх систем нэвтрүүлэх шаардлагатайг ч оролцогчид хөндөв. Мөн хэрэглэгчид бага оврын эх үүсвэрээс түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлэх журам тогтоох шаардлагатай аж.
Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байлаа. Засаглалыг сайжруулахад шаардлагатай зарим арга хэмжээний талаар “Монголын эрчим хүчний засаглал” хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа “Хамгийн бага зардлаар цахилгаан үйлдвэрлэх, 10 жилийн хугацаанд эрчим хүчнийхээ тарифыг аажмаар өсгөх зэрэг амлалтыг Засгийн газраас өгөх хэрэгтэй. Засаглалыг сайжруулах, манлайлахад ЭХЯ, Засгийн газрын үүрэг оролцоо их байх учиртай. Эрчим хүчний салбарт мөрдөж буй хуулиудад салбарын асуудлыг бүрэн тусгаагүй, цоорхой ихтэй нь улам бүр мэдрэгдэж байгаа. Тэгээд ч эрчим хүчний салбарт мөрдөх хуулийг 2001 онд баталснаас хойш нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Хэрэв шинэчилбэл шинэ (ногоон) эрчим хүчний талаарх ойлголт, нэр томьёо, хийж хэрэгжүүлэх ажил, эрчим хүчний нөөцтэй холбоотой зохицуулалт, салбар бүрийн уялдааг хангах шийдлийг хуульд тусгах шаардлагатай” гэв.
Үүнээс гадна эрчим хүч, дулаан үйлдвэрлэх, түгээхтэй холбоотой шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн судалгаа хийх, үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэхээр хуульд тусгах, төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, зарим байгууллагын удирдлагын багийг солин, салбараа шинэчлэхгүй бол ирэх жилүүдэд ч үйл ажиллагаа нь доголдсон, өр хуримтлагдсан хэвээр байхыг Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны төлөөлөл онцоллоо. Мөн эрчим хүчний салбарын хүчирхэг экосистем бий болгох, тарифыг улирал тутам индексжүүлэн нэмэх, эсвэл бууруулах, ДЦС болон бусад байгууллагын институц, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын шилжилт, шинэчлэлийн арга хэрэгслийг боловсруулахад анхаарах хэрэгтэй аж. Гадаад, дотоодын байгууллагууд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцож буй “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2023” өнөөдөр өндөрлөнө.