Судалгааныхаа үр дүнг дотоодод болон олон улсад танилцуулах боломжийг залуу эрдэмтдэд олгодог “Falling walls lab Mongolia-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, үндэсний ялагчийг тодруулжээ. Долоо хоног үргэлжилсэн уг арга хэмжээнд ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ ялагчаар шалгарчээ. Ингэснээр тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 7-нд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулах “Falling walls lab international” олон улсын эрдэм шинжилгээний хуралд эх орноо төлөөлөн оролцохоор болов. Хоёрдугаар байрт ХБНГУ-ын Техникийн их сургуулийн магистрант, “Volt way technology” компанийн үүсгэн байгуулагч Э.Жавхлан “Хайбрид машины батарейг дахин ашиглах” судалгаагаараа шалгарчээ.
БНСУ-ын Улсаны их сургуулийн судлаач Г.Болормаа “Батарейн дахь цавууны үүрэг” илтгэлээрээ гуравдугаар байр эзэлсэн байна. Уг хурлыг манай улсад 2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаа дотоодын эрдэмтдээс гадна БНСУ, ХБНГУ, Финланд, Энэтхэгт ажиллаж, суралцаж буй залуу судлаачид оролцож, инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн сэдвээрх илтгэлүүдээ танилцуулжээ. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ ажиллажээ.
Бэлтгэсэн: М.Оч