Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж буй. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ажээ.
Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана хэмээн тусгасан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал юм.