Дэлхийн хөгжил хурдсаж, техник, технологийн ололт амжилт хүн төрөлхтнийг гайхуулах нь сараар биш, өдрөөр хэмжигдэх боллоо. Хөгжил дэвшил, технологийн үсрэнгүй шийдэл бүрийн ард түүнийг бүтээн бий болгох материал, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн зах зээл тэлж, өрсөлдөөн ширүүсэж байдаг. Өөрөөр хэлбэл, улс орнууд хөгжин цэцэглэх тусам чухал ашигт малтмал буюу газрын ховор элемент “моод”-нд орж, ийм металлын нийлүүлэгчдийг эрж хайн, түншлэх, хамтран ажиллахыг бүгд эрмэлзэх болов. Дэлхий нийтэд одоогоор газрын ховор элементийн 120 сая тоннын нөөцтэй, манай улсад үүнээс гурван сая нь байгаагэсэн урьдчилсан тооцоо бий.
Одоогоор ийм элементийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани Монголд олон биш. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн ордод “Халзан Бүрэгтэй” төслийнхөн буюу “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанийнхан л хайгуулын ажил хийж дуусгажээ. Эл ордын газрын ховор элементийн нийлбэр ислийн нөөцийг барагцаалбал 1.4 сая гаруй тонн бөгөөд энэ нь дэлхийн нөөцийн нэгээс их хувь буюу бага дүн биш гэсэн урьдчилсан дүн бий. Түүнчлэн эрдсийн дунд зэргийн агуулгатайд багтдаг юм байна. Дээрх компани Ховд аймагт үйл ажиллагаа явуулахад багагүй саад бэршээлтэй тулгарсаар. Уг нь 2012 онд ажлаа эхлүүлж байсан ч цөөнгүй шалтгаан, ялангуяа орон нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллагынхантай үл ойлголцсоор дөнгөж энэ жилийн 4-9 дүгээр сард нөөцийн хайгуулын судалгаагаа дуусгажээ. Энэ талаар “Халзан Бүрэгтэй” төслийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Бид олон сорилт давж байж хайгуулын ажлаа амжилттай дуусгасан. Хайгуулын үр дүнг мэдээлэх хараахан болоогүй. Цаашид олборлолтыг хэрхэн, хэдий хугацаанд явуулах болон ажлын төлөвлөгөөг техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, батлуулсны дараа ярина.
“Халзан Бүрэгтэй” бол өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийсэн, ТЭЗҮ боловсруулах шатандаа шилжсэн ахицтай яваа төсөл. Хайгуулыг дотоодын зургаан компани аргачлалын дагуу зөв хийсэн. Ингэснээр ашиглалт, баяжуулалтын үеийн эрсдэлийг бууруулах боломж бүрдсэн хэрэг. Түүнчлэн бид ажиллах хугацаандаа Ховд аймгаас 13 338 хүн/цаг ажилууллан, 331 сая төгрөгийн өргөн хэрэглээний хүнс, мах, түлш худалдан авсан. Мөн тоног төхөөрөмж түрээслэх болон бусад худалдан авалтад 60 гаруй сая төгрөг зарцуулжээ. Хэрэв төслийн ажил саадгүй үргэлжилж газрын ховор элемент олборлож, исэл үйлдвэрлэж эхэлбэл баруун бүсэд 500-600 шууд ажлын байр, 1000 гаруй дам ажлын байр бий болно. Баруун бүсэд аж үйлдвэрийн үндсэн кластер байгуулахын зэрэгцээ Монгол Улс газрын ховор элемент гэх экспортын шинэ бүтээгдэхүүнтэй болох ач холбогдолтой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлтэл 4-5 жил зарцуулна, ТЭЗҮ-ээ 2024-2025 онд боловсруулна. Гэтэл энэ сард Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа “Халзан Бүрэгтэй” төслийн цаашдын үйл ажиллагааг явуулахад орон нутгийн иргэдийн саналыг сонсоно гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг болох, ямар үр дагаварт хүргэхийг мэдэхгүй юм. Бид орон нутаг, Засгийн газрын түвшинд ч ойлголцон хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэв.
Халзан Бүрэгтэйн орд нь Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутаг дахь Халзан Бүрэгтэй уулын орчимд байдаг. Уулыг ухаж сэндийчихгүйгээр 2-3 км-ийн зайд үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэсэн ч Гахайт багийн болон дээрх сумын 300 гаруй иргэн гарын үсэг зурж, удаа дараа эсэргүүцсэний улмаас төслийн ажлын явц удааширсаар өдий хүрчээ. Уг ордод хайгуул хийсэн нь нутгийн оршин суугчид, байгаль орчинд ямар хор хохирол учруулсныг Мянгад сумын Засаг дарга М.Баатараас тодруулсан юм. Тэрбээр “Хайгуулын ажлыг эхлүүлсэн 2021 оны үед ургийн гажигтай ишиг, хурга төрсөн. Үүнээс малчид их жийрхсэн. Гэхдээ мал эмнэлгийн байгууллагаар шинжлүүлэхэд өрөмдлөг хийснээс шалтгаалсан нь тогтоогдоогүй.
Газрын ховор элемент хайх, олборлох явцад уран, тори зэрэг цацраг идэвхт бодис ашигладаг, ус их зарцуулдаг хэмээн ойлгож буйгаас иргэд эсэргүүцээд байгаа юм. Манай сумын нутагт алт, зэс хайж буй ч эсэргүүцсэн хүн байхгүй. Газрын ховор элемент шинэ тутам металл, олборлож эхэлбэл ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй учраас болгоомжилж байна. Магадгүй иргэдэд зөв мэдээлэл өгч, эрсдэл үүсэхгүйг ойлгуулж чадвал цаашид нөхцөл байдал дээрдэх байх. “Халзан Бүрэгтэй” төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, эсэхэд нутгийн иргэдийн саналыг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн шүү дээ” гэсэн юм. Мянгад нь Ховд аймгийн төвөөс 45 км-ийн зайд оршдог, одоогоор алт, зэсийн хайгуул хийж буй, уул уурхайн бүтээгдэхүүн олборлодоггүй сум юм. Тэнд ажилгүйдэл их, жижиг дунд нэг ч үйлдвэр байхгүй, зөвхөн мал аж ахуйд түшиглэн амьдардаг иргэдтэй аж.
Манай улстай газрын ховор элемент олборлох, батарейн түүхий эд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо АНУ өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр илэрхийлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн урилгаар Монголд өнгөрсөн дөрөвдүгээр сард айлчилсан БНПУ-ын төрийн тэргүүний баг бүрэлдэхүүн, ХБНГУ, БНСУ, Япон Улс ч чухал ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтрах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн билээ. БНСУ нь газрын ховор элемент олборлох технологийн хөгжлөөр БНХАУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд манай оронтой хамтарч судалгааны төв байгуулах талаар УУХҮЯ-наас мэдээлсэн. Газрын ховор элементтэй холбоотой харилцан яриа, хэлэлцээ бүрт манай зүгээс нааштай хариу өгч, хамтран ажиллана гэсээр байгаа юм. Гэтэл Ерөнхий сайд газрын ховор элементийн хайгуул хийсэн ганц компанийнхаа үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, эсэхийг нутгийн иргэдийн саналаар шийднэ гэж мэдэгдсэн нь хачирхалтай. Газрын ховор элемент ашиглахад анхаарна гэж ярьснаа үгүйсгэж, орон нутгийн иргэдийн саналд үндэслэнэ хэмээн “тулга тойрч”, бодлогогүй аашилж буй хэрэг. Ядаж л ямар үндэслэл, шалтгаанаар томоохон төсөл, хөтөлбөрийг гацаах, үйл ажиллаагааг нь үл дэмжих талаараа нээлттэй мэдээлэл өгөх шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчид тодорхой бодлого, тогтвортой орчныг л хүсдэг шүү дээ.
Монгол дахь газрын ховор элементийн орд агуулга багатай буюу дэлхийн томоохон ордуудаас 10-16 дахин бага эрдсийн агууламжтай учир баяжмал үйлдвэрлэх нь зардал өндөр, өрсөлдөх чадвар багатай гэсэн анхан шатны судалгаа байдгийг УУХҮЯ-наас дурдаж байв. Олборлож эхэллээ гэхэд алт, зэс, төмөр, нүүрс зэрэг бусад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай адилгүй, шийдвэрлэх шаардлагатай бэрхшээл олон гэнэ. Тодруулбал, олон улсад газрын ховор элементийг баяжмал, баяжмалаас исэл, ислээс нь салгасан цэвэр элемент гарган авах гээд дөрвөн түвшинд боловсруулдаг аж. Ислээс салган цэвэр элемент гарган авах технологийг цөөн улс ашигладаг бөгөөд зардал өндөр юм байна. Тиймээс манай улс богино, дунд хугацаанд зөвхөн исэл үйлдвэрлэх боломжтой гэсэн үг.
Мөн цахилгаан хангамж сайтай нөхцөлд үйлдвэрлэх бөгөөд Ховдод Эрдэнэ бүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулсны дараа үйлдвэрлэл явуулах талаар яригдах аж. Түүнчлэн гуравдагч орнууд руу хэрхэн экспортлох талаар тээвэр ложистикийн шийдэл гаргах шаардлагатай юм байна. Тиймээс эрчим хүчний хангамж, тээвэр ложистикийн шийдэл, ямар тээврийн хэрэгслээр хаашаа нийлүүлэх зэргийг нарийвчлан шийдэж байж газрын ховор элемент олборлох нь. Үүнээс гадна Монголд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалт байхгүйд анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Уг нь Халзан Бүрэгтэйн ордын байршил нь стратегийн ач холбогдолтой. Үйлдвэрлэл эхлүүлэх анхны хөрөнгө оруулалт, боловсруулалтын өртөг өндөртэй ч өрсөлдөх чадвараар сайн байж, бүтээгдэхүүнээ БНХАУ болон барууны орнуудад худалдах, борлуулах боломжтой юм байна. Бид өндөр технологийн түүхий эд хайх, олборлоход гадаадын орнуудтай хамтран ажиллана гэж зөвхөн ярих биш, одооноос үйлдвэрлэл, экспортын бэлтгэлээ базааж, шийдэл, шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг. Мөн ийм төсөл хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг аж.
Монголд одоогоор газрын ховор элементийн дөрвөн орд, 97 илэрц, 260 гаруй эрдэсжсэн цэгийг тогтоожээ. Эдгээрт гурав орчим сая тонн нөөц бий хэмээн урьдчилсан байдлаар тооцож буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснийг дээр дурдсан. Түүнчлэн газрын ховор элементийн бүлэгт багтдаг 17 металл манайд бүгд бий бөгөөд говийн бүс дэх Мушгиа худаг, Хотгор болон Лугийн голын ордод хөнгөн, Халзан Бүрэгтэйд хүнд элемент түлхүү байдаг аж. Өдгөө дэлхий дахинд жил бүр 180 000-200 000 тонн газрын ховор элемент хэрэглэж буйн 60 орчим хувийг урд хөршид олборлож байгаа гэнэ. Тодруулбал, уг элементийн 44 сая тоннын нөөцтэй БНХАУ зах зээлд ноёлж, Вьетнам, Энэтхэг, ОХУ, Бразил зэрэг улс нөөц, олборлолтын хэмжээгээр удаалж буй аж. Цаашид ч газрын ховор элементийн эрэлт улам бүр нэмэгдэн, үнэ нь өсөх хандлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.