Ханжоу хотод өрнөж буй Азийн наадмын нээлтийн ёслолд БНАСАУ-ын Төрийн далбааг өргөсөн нь нэгэн дуулианы эхлэл боллоо. Гэхдээ энэ нь улс төрийн учир шалтгаан бус, сэргээшийн эсрэг хоригтой холбоотой юм. Хойд Солонгосын тамирчид олимп болон паралимпийн наадмаас бусад олон улсын уралдаан, тэмцээнд цагаан тугийн дор оролцох ёстой. Тэгвэл Азийн олимпын зөвлөл үүнээс яагаад эсрэг шийдвэр гаргав. Энэ шийдвэр нь ямар үр дагаварт хүргэж болзошгүй вэ?
Хэргийн учир нь Хойд Солонгосын сэргээшийн эсрэг агентлаг олон улсын дүрэм, журмыг зөрчсөний улмаас 2021 оны аравдугаар сард Дэлхийн допингийн эсрэг байгууллагын (WADA) гишүүнчлэлээс хасагджээ. Үүнээс шалтгаалж Хойд Солонгосын тамирчид хоригт орж, сэргээшийн эсрэг агентлаг нь гишүүнчлэлээ сэргээлгэх хүртэл томоохон уралдаан, тэмцээнд оролцох эрхгүй болсон билээ. Гэвч Ханжоуд эл хориг үйлчилсэнгүй. Азийн олимпын зөвлөлийн (OCA) ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Р.Сингх эл алхмынхаа талаар “Хойд Солонгос бол OCA-ийн гишүүн бусад 44 улстай адил энэ удаагийн наадмын бүрэн эрхт оролцогч” гэж өгүүлсэн. Тийм учраас Хойд Солонгосын далбаа Азийн наадмын спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнд мандсан хэвээр байх аж. Гэхдээ эл шийдвэр нь ОСА-г WADA-тай сөргөлдөхөд хүргэх нь тодорхой болов.
WADA нээлтийн ёслолын дараа ОСА-д захидал илгээжээ. Түүндээ WADA-гийн баримталж буй сэргээшийн эсрэг бодлогыг дэмжиж ажиллах ёстойг нь сануулсан аж. Мөн спортын цэвэр өрсөлдөөний төлөөх тэмцлийг нь дэмжихгүй бол ОСА-ийн эсрэг хариу арга хэмжээ авч болзошгүй гэж мэдэгдсэн байна. “БНАСАУ сэргээшийн эсрэг дүрэм, журмыг дагаж мөрддөггүй. Тийм учраас олон улсын спортын бүх холбоонд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах талаар мэдээлэл илгээсэн” гэж WADA-гийн мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-ын Төрийн далбааны “хэрэг”-ээс шалтгаалж байгууллага нь шүүхийн асуудалтай тулгарч магадгүй гэсэн сануулгыг ОСА-ийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Р.Сингхэд WADA хүргүүлээд байна. Учир нь Төрийн далбааны асуудал зөвхөн нээлтийн ёслолоор хязгаарлагдаагүй. Наадмын эхний өдөр БНАСАУ-ын таеквондоч эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэхэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тус улсын Төрийн далбааг өргөсөн юм. Одоогоор WADA, OCA-ийн хооронд энэ асуудалтай холбоотой яриа хэлэлцээ өрнөж буй. Ханжоуд БНАСАУ-ын 200 орчим тамирчин Азийн наадамд оролцож буй. Тус улс 2018 оноос хойш анх удаа олон улсын томоохон тэмцээнд оролцож байгаа нь энэ билээ.
Эцэст өгүүлэхэд, WADA-гийн шинэ журмыг улсдаа хэрэгжүүлэх арга хэмжээ авахгүй байгаа учраас Бермудын арлын тамирчид ирэх сард Чилид эхлэх Пан Америкийн наадамд цагаан тугийн доор оролцож магадгүй эрсдэл үүссэн. Мөн ӨАБНУ-ын тамирчид ийм хоригтой тулгарч магадгүй байгаа юм.
Бэлтгэсэн: Н.Энх