Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.
Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг. Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан юм. Тэгвэл энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж, 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50,6 хувь, нийт цэцэрлэгийн 41,4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана. Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн 9 дүгээр сараар жишээлж үзэхэд өссөн дүр зураг харагдаж байна.
2021 оны 9 дүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг, 2022 оны 9 сард 69,1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны 9 дүгээр сард 24,3 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 35,2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 60,1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.