Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 2024 онд хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа тэлэхэд чиглэсэн төсвийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Тодруулбал, хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд:
• Орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжих
• Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц барих
• Орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх
• Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудыг татварын бодлогоор дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.