Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, хятадын нутаг дэвсгэрээс гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.
Аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөххот болон бусад хотууд руу тээвэрлэх юм. Далайд гарцгүй манай орны тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомтоос, мөн далайн боомт руу авто замаар тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.
Тодруулбал, БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийнэ. Ингэснээр Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1200-1500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурна. Тээврийн үнэ буурвал дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдлээ. Цаашид Монгол Улсын нутгаар хийгдэж буй дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч өсөх юм.