Ням гарагт НАСА-гийн “Osiris-Rex” сансарын жижиг хөлөг дэлхийн агаар мандалд винтовын сумнаас 15 дахин илүү хурдтайгаар орж ирэн АНУ-ын Юта мужийн элсэн цөлд амжилттай газарджээ.
“Osiris-Rex” зургаан жилийн турш нарны аймгаар аялсны эцэст Бенну солироос авсан сорьц бухий үнэт ачаатай буцаж ирсэн байна.
Уулын хэмжээтэй Бенну солир нь бидний хамгийн чухал асуулт болох хүн төрлөхтний гарал үүслийг тодорхойлоход чухал нэмэр болох юм.
“Бенну солирын 250 грамм сорьцыг дэлхийд авчирснаар бид манай гараг үүсэхээс өмнө байсан материалыг судлах боломжтой болно. Түүний зарим тоосонцорууд манай нарны аймаг бий болохоос ч өмнө гарч ирсэн байж магадгүй. Бид хэрхэн бий болсон тухай зураглалыг гаргахыг хичээж байна. Дэлхий хэрхэн үүссэн ба энэ дэлхий дээр яагаад хүмүүс оршин суусан бэ? Далай тэнгисийн ус хаанаас гарч ирсэн бэ? Манай мандалд агаар хаанаас бий болсон бэ? Хамгийн гол нь дэлхий дээрх бүх амьдралыг бүрдүүлдэг органик молекулуудын эх сурвалж юу вэ? Манай гаригийн түүхийн эхэн үед дээрх гол бүрэлдэхүүн хэсгүүдийг дэлхий дээр унасан Бенну шиг солирууд авчирсан гэж ихэнх эрдэмтэд үздэг" гэж уг төслийн ахлагч, профессор Данте Лауретта хэлэв.
Солирын дээж авах газрыг сонгоход алдарт “Queen” хамтлагийн домогт гитарчин, астрофизикийн шинжлэх ухааны доктор Брайн Мэй гол үүрэг гүйцэтгэжээ.
Хөгжим, астрофизик болон бусад зүйлээс гадна Мэй стерео дүрслэлээр мэргэшсэн аж. Нэг объектын өөр өнцгөөс авсан хоёр гэрэл зургийг нэгтгэж, байршлын хэтийн төлөвийг мэдрэх чадвартай гурван хэмжээст дүрсийг бий болгодог юм байна.
Мэй болон түүний хамтран зүтгэгч Клаудиа Манзони нар Бенну солирын хөрсний дээж цуглуулахад тохиромжтой хэд хэдэн хэсэгт ижил төстэй зургийг бүтээжээ. Тэд “Osiris-Rex” -ийн ажиллах боломжтой хамгийн аюулгүй цэгүүдийг тоорхойлжээ.