Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын нэг болох Сингапурын Чанги олон улсын нисэх буудал 2024 оноос эхлэн тус улсаас гадагшаа нисэж буй зорчигчид хилээр нэвтрэхдээ паспортоо шалгуулахгүй, зөвхөн биометрик өгөгдлөөрөө нэвтрэхээр болжээ. "Хилийн шалганы ачааллыг хөнгөвчлөх, хамгийн өндөр ачаалалтай нисэх буудлыг ирээдүйд бий болгох үүднээс ирэх оны эхээр уг технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэж тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр "Биометрик өгөгдлийг ашиглан хийлийн шалгалтыг автоматжуулсанаар Сингапур улс нь автомат горимд шилжүүлсэн эхний цөөн хэдэн улсын нэг болно” гэж зарласан байна. Паспортын оронд ашиглах биометрик өгөгдөл нь царай таних технологийн тусламжтай системд үүсэх бөгөөд тус зорчигчдын царайн өгөгдлийг хилээр нэвтрэхэд, ачаа тээшний бүртгэлд, онгоцонд суухад (boarding) мөн давхар ашиглах юм байна.