Ам.долларын ханш чангарч, нөөц нь нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ хямдарлаа. Голлох валютуудтай харьцах ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс сүүлийн 10 долоо хоног дараалан өсөөд буй юм. Нөгөөтээгүүр, Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц 2022 оны тавдугаар сараас хойших өндөр түвшинд хүрсэн тухай “Reuters” уламжлав. АНУ-ын Төвбанк цаашид бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ хэмээн зах зээлд оролцогчдын олонх нь таамаглаж буй нь дээрх металлын ханшид мөн нөлөөлжээ. Баасан гарагт тонн зэсийн үнэ 8161.6 “ногоон”-той тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд бараг сүүлийн дөрвөн сарынхаа доод түвшинд хүрчээ.