ЗТХЯ-ныхан БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга болон боомтын удирдлагыг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Монголын ачааг тээвэрлэсэн чингэлгүүд Тяньжины боомтод 50-60 хоног саатдаг, улмаар 500-1000 ам.долларын нэмэлт төлбөр, шан харамж өгсөн тохиолдолд хурдан тээвэрлэдэг нь хүндрэл үүсгэдэг. Түүнчлэн авлига өгвөл ачаагаа нэг хоногт авдаг, албан журмаар бол 60 хоног саатдагаас шалтгаалж импортын барааны үнэ өсөн, хангамж буурч Монгол Улс хохирч байгааг манай талаас дурдлаа. Мөн Тяньжины боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар атал Монголын компаниуд 300-г төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замын чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 “ногоон” төлж буйг судлан, хураамжийг бууруулахад анхаарахаа талууд хэлэлцсэнийг ЗТХЯ-наас мэдээллээ. Тяньжинь-Монгол чиглэлийн чингэлэг олон хоногоор саатаж буйг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулахаар зохион байгуулж, авлига өгч, авалцдаг асуудлыг БНХАУ-ын хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Тээврийн үнэ, тарифыг бууруулахад ч Тяньжины боомт, УБТЗ ХНН хамтарч ажиллахаар тохирсон байна. Үүнээс гадна Монгол Улсад олгосон Тяньжин дахь 10 га газарт ачаа тээврийн ложистик терминал, Замын-Үүдийн өртөөнд хуурай боомт байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэн даруй шийдвэрлэх, үр дүнд хүрч ажиллахыг Тяньжины боомтын захиргаа болон “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллахаар болжээ.
Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээврийг баасан гарагт эхлүүлснийг салбарын яамнаас мөн мэдээллээ. Энэхүү тээврийн коридор нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаан болон ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4 болон CAREC-ийн 4а чиглэлийн нэг хэсэг юм байна. Түүнчлэн Монголыг Европын Холбооны улсууд, БНХАУ-ын тээвэр ложистикийн зангилааны төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам аж. Дээрх чиглэлээр тээвэр хийснээр Хятад, Европын хоорондын худалдааны эргэлтэд оролцох, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дундад Азийн орнуудад манай бараа, бүтээгдэхүүнийг хүргэх чухал ач холбогдолтой аж. Мөн Монгол болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хоёр улсын нутгаар дамжин өнгөрөх, тогтмол бус зорчигч, байнгын бус ачаа тээврийг маршрут харгалзахгүй гүйцэтгэх боломж бүрдүүлжээ.