Баянзүрх дүүрэг 127,339 өрх, 434,976 хүн амтай. Тус дүүргийн оршин суугчдын тоо жилд дунджаар 5.76 хувиар өсдөг байна. Тиймээс хүний хөгжил, тэр дундаа боловсролын салбарт голчлон анхаарч байгаа аж. Тухайлбал, энэ онд 29 сургуулийн ариун цэврийн өрөөг шинэчлэн, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс 11 байршилд камержуулалт бүхий тохижилт хийсэн байна. Мөн хороо бүрд эрүүл мэндийн явуулын тусламж, үйлчилгээг үзүүлэн, архины хамааралтай 79 иргэнийг нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангажээ. Үүнээс гадна хүүхэд хамгааллын байр байгуулж, гэрлэх ёслолын өргөөг тохижуулаад буй. Түүнчлэн төрийн алба хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгааг аж.
Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 300 га газарт Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 20 хувь, Дарь эх цогцолборын бүтээн байгуулалт 45 хувьтай байгаа юм. Мөн Улиастайн гүүрний ойролцоо экстрим спортын талбай бүхий худалдаа, үйлчилгээ, аялал зугаалгын бүс бий болгох ажил 45 хувьтай үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, туслах авто замуудыг холбох 30.4 км авто зам тавьжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 77 байршилд 1635 гарааш буулгаж, 38 байршилд иргэдийн саналд үндэслэн тохижилт хийсэн. 2024 онд үлдсэн 39 байршлыг тохижуулахаар төлөвлөөд байна. Мөн орон сууцны хороолол дундах 11,452 м хашаа, хайсыг чөлөөлсөн бол стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбайг 17 хороонд байгуулжээ. Ирэх онд уг ажлыг үргэлжлүүлж, дахин 13 хороонд байгуулах аж.
2020 онд дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн 13,263 шон байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 21,590 шонтой болж, гэрэлтүүлгийн хүрэлцээ 85 хувьд хүрсэн байна. Дүүргийн удирдлагуудын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, Шархад дэд төвийн бүтээн байгуулалтад анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, СӨХ-ны хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай байгаа гэнэ.