Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга орчим иргэн амьдардаг гэсэн тоо бий. Тэдний 12 гаруй мянга нь сонсголын бэрхшээлтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашгаа хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэдэг өдрүүд энэ долоо хоногт тохиож байгаа билээ. Тодруулбал, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт дэлхий нийтээр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн долоо хоног тохиодог уламжлалтай. Анх эл өдрийг Дэлхийн сонсголгүй иргэдийн холбооны санаачилгаар Италийн Ром хотод 1958 онд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ жил “Хаана ч дохионы хэлээр харилцаж чадах дэлхий ертөнц” гэсэн уриан дор нэгдэж байна. Дэлхийн сонсголгүй иргэдийн XIX чуулганаас батлан гаргасан “Сонсголгүй хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг энэ сарын 18-нд олон нийтэд танилцуулснаар долоо хоногийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Дэлхийн бүх сонсголгүй хүүхдийн эрхийг хүндэтгэн, 10 зүйл бүхий уг тунхаг бичгийг улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуульд сонсголын бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааг дохионы хэлээр явуулахаар хуульчилж, энэхүү тунхаглалыг хэрэгжүүлж эхэлснээ БШУЯ-наас мэдээлсэн юм. Дэлхийн улс орнуудыг сонсголгүй хүний эрхийн төлөө хийж гүйцэтгэсэн ажлуудаа улам сайжруулах, өмнөх амжилтаа дахин бататгахыг уриалж, онцлох сэдвүүдийг долоо хоногийн гараг бүрт оноон өгч зарладаг ажээ.
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ НЭГДЭЖ, “ЦЭНХЭР ГЭРЭЛ” АСААНА
Дэлхийн сонсголгүй иргэд өөрийн гэсэн хэл соёлтой гэдгээ тунхаглан нэгддэг энэ үеэр Олон улсын дохионы хэлний өдөр тохиодгоороо онцлог. Эл өдөр дэлхий нийтээр “Цэнхэр гэрэл” асаах уриалгад нэгдсэн бөгөөд Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос олон нийтийн барилга байгууламж, Засгийн газрын ордон, хотын захиргаа, төв талбай зэрэг газарт тогтсон цагт “Цэнхэр гэрэл” асааж, нэгдэхийг иргэдэд уриаллаа. Өөрөөр хэлбэл, маргааш Төв талбайд сонсголгүй иргэд эрхийнхээ төлөө нэгдэж, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэн, гар утасныхаа цэнхэр гэрлийг асааж, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх гэнэ. Түүнчлэн Олон улсын дохионы хэлний өдрийг угтаж, улс орны Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд цахим хуудсаараа дамжуулан дохионы хэлээр нэг минут мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай аж. Мэндчилгээгээ Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоонд илгээн, уриалгад нэгдэж буйгаа илэрхийлдэг байна. Үүнд Монгол Улс нэгдэхийг Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос хүсэж буй бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүлэхийг уриалжээ. Мөн Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүсэлт хүргүүлсэн гэнэ.
ДОХИОНЫ ХЭЛНИЙ БИЕ ДААСАН ХУУЛЬТАЙ БОЛОХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Хэл, соёлыг нь мэдэхгүй гадаад улсад очсон хэн ч нийгмийн харилцаанд ороход асуудалтай тулгардаг. Гэтэл сонсголын бэрхшээлтэй иргэд эх орондоо байж харьд амьдарч буй мэт алхам тутамдаа асуудал, бэрхшээлтэй учирч байна. “Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, сонсголгүй хүний төрөлх хэл нь дохионы хэл гэсэн үг. Тэгвэл тэд дохионы хэлээрээ олон нийт, төрийн болон үйлчилгээний байгууллагаар саадгүй үйлчлүүлж, хэрэгтэй мэдээллээ авч байна уу гэвэл, үгүй. Хүн бүр тэгш, хүртээмжтэй орчинд амьдрах эрхтэй ардчилсан улсад сонсож, ярьж чаддаггүйгээсээ болж хэн нэгэн хөгжлөөс орхигдох ёсгүй билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.2.5-д “Төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, бичигч, уншигч, хөтчийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх”, 11.4-т “Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессеж, дохионы хэлний хэлмэрчийн зайны дүрс ярианы тусламжтайгаар хандаж үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ” гэж заажээ.
Харамсалтай нь, хуулийн эдгээр заалтыг цаасан дээр л бичсэнээс бус, амьдралд хэрэгжүүлсэнгүй. Тэгвэл бэрхшээл үүсгээд буй энэ мэт асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Монгол дохионы хэлний бие даасан хууль батлуулах хэрэгцээ, шаардлага бий, эсэх талаар “Диф” клубийгүүсгэн байгуулагч, сонсголгүй иргэдийн төлөөлөл Б.Юмжирдуламаас тодрууллаа. Тэрбээр “Сонсголгүй иргэд эх хэл болох дохионы хэлээрээ боловсрол эзэмшиж, нийгмийн харилцаанд оролцох бүрэн боломжтой. Монголчууд бидний хувьд эх хэл бол монгол хэл. Сонсголтой хүн аман яриагаар хэлд ордог. Үүн шиг сонсголгүй хүн эхээс төрсөн цагаасаа монгол дохионы хэлээр хэлд орж, орчлон хорвоотой танилцаж эхэлдэг. Тиймээс монгол дохионы хэлээрээ бүх төрлийн үйлчилгээ авахыг хүсэж байна. Орчин үед техник, технологийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл, сонсголгүй хүн түргэн тусламж, цагдаа, онцгой байдал зэрэг яаралтай тусламжийн болон бусад бүх үйлчилгээг алсын зайн дуудлагаар дүрсээ харж, хэлмэрчээр дамжуулан авах боломжтой.
Бид сонсож чадахгүй учраас цаг үеийн шинэ мэдээ, мэдээллээс хоцорч, тэр хэрээрээ нийгмийн хөгжлөөс орхигдож байна. Телевизээр зөвхөн оройн мэдээг л дохионы хэлээр хүргэдэг. Өөр мэдээ болон өргөн нэвтрүүлэг хэлмэрчгүй, хадмал орчуулгагүй. Наад зах нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цахим сурах бичгүүдийг дохионы хэлээр хөрвүүлж, видео хэлбэрт оруулаасай гэж хүсэж байна. Ерөнхий боловсролын сургуульд сурч буй сонсголгүй хүүхдүүдэд багшийн заасныг дохионы хэлээр ойлгуулах хэлмэрч байдаггүй. Тиймээс тусгай сургуулийн сурагчид бусадтай адил тэгш боловсрол эзэмшдэг гэвэл өрөөсгөл. 29 дүгээр тусгай сургуульд ч ялгаагүй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөөр. Мөн их, дээд сургуулийн сонсголгүй оюутнууд хүртээмжгүй орчинд сурч байна. Монгол дохионы хэлний бие даасан хуультай болчихвол дохионы хэл сурах, дохионы хэлээрээ үйлчилгээ авах, хэлмэрч, багш нарыг бэлдэх зэрэг асуудлыг хуулийн дагуу цэгцлэх боломжтой” гэв. Мөн тэрбээр дэлхийн улс орнуудад дохионы хэл нь салбар шинжлэх ухаан болтлоо хөгжсөн, судалгааны ажлыг өргөн хүрээнд хийж, түгээн дэлгэрүүлдэг талаар онцолсон.
...Яаралтай тусламж шаардлагатай үед ч дүрсээ хараад дохионы хэлний хэлмэрчээр дамжуулан үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд сонсголгүй иргэд амьдарч байна. Хэсэг хугацаанд “Дуудлага.мн гэх зайнаас зөвлөн туслах төвийн тусламжийн утас ажиллаж байсан ч дохионы хэлний хэлмэрчдийг цалинжуулах төсөвгүйн улмаас зогсонги байдалд оржээ...
Дэлхийн 200 гаруй орон дохионы хэлтэй аж. Эдгээрээс 77 улс нь дохионы хэлийг хуульчилжээ. Үүнээс 35 улс нь дохионы хэлний бие даасан хуультай аж. Ази тивээс хамгийн эхэнд БНСУ дохионы хэлний бие даасан хууль баталсан талаар Б.Юмжирдулам хэлсэн юм. Харин манай улс дохионы хэлний бие даасан хуульгүй. Сонсголын бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд монгол дохионы хэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хуульчилж өгөхийг салбар яаманд жил болгон уламжилж, санал хүсэлт хүргүүлсээр иржээ. Тодруулбал, Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар 2013 оноос хамтран зүтгэгчидтэйгээ ярилцан монгол дохионы хэлний хуультайболохасуудлыгхөндөжтавьжээ. Тэрбээр дэлхийн олон орон өөрсдийн дохионы хэлний бие даасан хуультай болж буйг хараад Монголын сонсголгүй иргэд ч эрхээ баталгаажуулж, монгол дохионы хэлний хуультай болох ёстой, хөгжлөөс орхигдож болохгүй хэмээн үзэж, үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн байна. Олон жилийн дараа буюу саяхнаас л монгол дохионы хэлний бие даасан хууль батлах талаар нааштай шийдвэрт хүрэх чимээ сонсогдож буй гэнэ.
ТӨСӨВГҮЙН УЛМААС ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРЖЭЭ
Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл, “Тэгш тусгал” ТББ хамтран дохионы хэлний судалгааны ажил эхлүүлжээ. Ялангуяа 21 аймагт ажиллаж, амьдарч буй сонсголгүй иргэдийн түгээмэл хэрэглэдэг дохио, нутгийн аялга үгнүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж байна. Финланд улсын санхүүжилтээр уг судалгааны төслийг хэрэгжүүлж буй бөгөөд цаашид монгол дохионы хэлний цахим толь бичиг гаргах аж. Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан дохионы хэлний аппликэйшнийг хэсэг залуус санаачлан боловсруулж буй гэнэ. Монгол дохионы хэл өөрийн гэсэн хэл зүйн бүтэц, дүрэмтэй байдаг. Тухайлбал, монгол дохионы хэлэнд таван бүрдүүлбэр нийлж нэг дохиог илэрхийлдэг байна. Үүнийг авиа, үсгүүд нийлж нэг үг бүрдүүлдэгтэй адилтгаж болно. Эдгээр нь гарын хэлбэр, байрлал, алганы чиглэл, гарын хөдөлгөөн, үгэн бус илэрхийлэл ажээ. Дохионы хэлэнд дохио зангаа, биеийн хэлэмж, хурууны үсэг нь туслах хэрэглүүр болдог байна. Сонирхуулахад, манай улсад хурууны үсгийн цагаан толгойг 1964 оноос буюу сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль үүссэн цаг үетэй хамааруулж үздэг аж. Ерөнхийдөө орос хэлний хурууны үсгийн цагаан толгойд суурилагдсан бөгөөд үүн дээр “ө” болон “ү” үсэг нэмжээ.
Хурууны үсгээр оноосон нэр буюу өөрийн болон албан байгууллага, хот, дүүрэг, улсын нэрийг үсэглэдэг байна. Мөн зарим дохиогүй үгийг үсэглэдэг аж. Сонсголтой хүн чихээрээ аливаа дуу чимээг сонсдог бол сонсголгүй хүн нүдээрээ буюу харах эрхтнийхээ тусламжтайгаар мэдээллийг хүлээж авдаг. Тэдний мэдээллийн гол гүүр, амьдралын хэрэгцээ шаардлага нь монгол дохионы хэл юм. Сурах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох бүхий л боломжийг нь хангачихвал сонсголгүй иргэд ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд тэр дундаа гарын ур дүйтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт сонсголгүй монгол залуус амжилттай ажиллаж буй жишээ цөөнгүй. Ингэж амжилттай ажиллахад сонсголгүй хүнийг ажлын байрандаа дадлагажих хүртэл тэмдэглэл бичээч, хөтөч тайлбарлагч, дохионы хэлний хэлмэрчээр хангах хэрэгтэйг төрийн бус байгууллагынхан хэлсэн. Шинэ хамт олны дунд сонсголгүй хүн ганцаараа “идээшиж” чадахгүй байсаар шантардаг гэнэ.
Тиймээс ажлын дөртэй болтол нь дохионы хэлний хэлмэрчээр хангах, боломжтой бол ижил бэрхшээлтэй хоёроос дээш хүнийг хамтад нь ажиллуулбал бүтээмж дээшилж, урам зоригтой байдаг гэж сонсголгүй иргэн ярьсан. Ажлын байрны хүртээмжээс гадна боловсролын асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэйг сонсголгүй иргэд хэлж байна. Дохионы хэлээ мэддэггүй, зөвхөн ахуйн дохио, зангаагаар ойлголцдог хүн цөөнгүй гэнэ. Тэдний эрх ашиг хамгийн ихээр зөрчигддөг. Ялангуяа цар тахлын үед ч сонсголгүй иргэдийн эрх ихээхэн зөрчигджээ. Яаралтай тусламж шаардлагатай үед ч дүрсээ хараад дохионы хэлний хэлмэрчээр дамжуулан үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд сонсголгүй иргэд амьдарч байна. Хэсэг хугацаанд “Дуудлага.мн гэх зайнаас зөвлөн туслах төвийн тусламжийн утас ажиллаж байсан ч дохионы хэлний хэлмэрчдийг цалинжуулах төсөвгүйн улмаас зогсонги байдалд оржээ. Техник, технологийн дэвшлийг ашиглан эл асуудлыг шийдвэрлэх, цаашлаад монгол дохионы хэлийг хуульчлах боломж бий атал эрх баригчид дургүйд хүчгүй гэгчээр хойш суусаар байх уу.