Нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хурлаар Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраагийн танилцуулснаар өвлийн бэлтгэл одоогоор 87 хувьтай гэнэ. Тухайлбал, энэ жил 19 байршилд дулааны 28.1 км гол шугамыг өргөтгөн шинэчлэхээр болсон. Уг ажлын явц 95 хувьтай байна. Түүнчлэн орон сууцын хорооллуудын дунд найман байршилд 3.6 км хос шугамд засвар, шинэчлэл хийхээр төлөвлөснөөс одоогоор 93 хувийг нь хэрэгжүүлж дуусжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд ирэх өвөл, хавар нийслэлд давс 6235, бодис 6056 тонныг нөөцлөх шаардлагатай гэнэ. Үүнээс одоогоор бодис 1296, давс 3250 тонныг нөөцөлжээ. Улаанбаатар хотод ирэх өвөл халиа, тошин үүсэхээс сэргийлэх, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх нь чухал гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сануулсан. Нийслэлийн гэр хорооллын айлуудын хэрэгцээнд энэ өвөл 600 000 орчим тонн түлш шаардлагатай. “Тавантолгой” түлш компанийнхан одоогоор 100 000 гаруй тонн түлш нөөцөлжээ.
Бэлтгэсэн: М.Оч