Манай улс газар тариалангийн салбартаа, ялангуяа улаан буудай тариалахад хорт хавдар үүсгэгч глифосат хэмээх бодис агуулсан раундап нэрийн ургамал хамгааллын бодисыг хэрэглэж буй тухай Баянзүрх дүүргийн оршин суугч, өрхийн тариаланч, хөрс судлаач Ч.Даваадаш болон зарим иргэн, мэргэжилтэн хөндөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар Ч.Даваадаш “Би Японд инженер, хог хаягдлын менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан юм. Тэр үеэс таримал ургамлын чанар, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, тэдгээрийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар сонирхон, судалж эхэлсэн. Сүүлийн үед анзаарсан зүйлээ хуваалцахад газар тариалангийн томоохон компаниуд глифосат агуулсан хог ургамал устгагч, ургамлын болцыг түргэсгэгч бодис хэрэглэдэг юм байна. Энэ бодис нь хорт хавдрын эх үүсвэр болдгийг зарим улс баталж, иргэд нь шүүхэд хандан, заргаа авсан.
Глифосат нь ус, чийгийн хамт үндсээр дамжин үр тариа, ногоонд хадгалагддаг. Үр тариаг бид тээрэмдэн гурил болгон хэрэглэдэг. Тиймээс гурилын чанарыг ч шинжлүүлэх шаардлагатай гэсэн үг. Үүнийг салбарын яам, мэргэжлийн байгууллага, судлаачид анхааралдаа авч, тайлбар өгөх хэрэгтэй” хэмээв. Глифосат нь өргөн хүрээний үйлчилгээтэй нэг төрлийн гербицид бөгөөд тариалангийн хог ургамлыг сайн устгадаг, ургамлын болцыг хурдасгадаг олон улс өргөн хэрэглэдэг бодис аж. Гэхдээ сүүлийн 10 гаруй жил уг бодисоос шалтгаалж цөөнгүй хүн хорт хавдраар өвдсөн, эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсдэг гэх үндэслэлээр зарим улсад хэрэглээг нь хязгаарлаж, эсвэл глифосатын үлдэгдэлгүй цэвэр бүтээгдэхүүн болохыг нь нотолж буй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд байна. Тэгвэл глифосат гэлтгүй пестицид, нитритийн үлдэгдэл газар тариалангийн бүтээгдэхүүнд байгаа, эсэхийг манайд хэрхэн шинжилж, магадалдаг юм бол. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхнаас тодрууллаа.
Тус яамны Салбарын хяналтын газрын мэргэжилтэн Д.Цэрэндулам “МХЕГ-ын чиг үүргийг яамдуудад Салбарын хяналтын газрынхан гүйцэтгэж буй. Бид төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийн, газар тариалангийн бүтээгдэхүүн дэх пестицид, нитрит зэргийн үлдэгдэл, бусад бодисын агууламжийг шалгадаг. Мэдээж бүх тариаланч, дэлгүүр, худалдааны төвийн үйл ажиллагааг хянах боломжгүй ч түүвэр байдлаар шалгаж, шинжилдэг. Ургамал хамгааллын бодисын хэт, буруу хэрэглээнээс болж ямар нэгэн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэсэн гомдол ирээгүй, нотолгоо байхгүй. Манайд Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Биотехнологийн төв зэрэг сайн лаборатори бий. Шаардлагатай бол иргэд тэдгээр лабораторид хандаж болно” гэсэн юм. Харин дээр дурдсан глифосатыг газар тариалангийн салбарынхан хэр хэрэглэж буйг нь лавлахад “Сайн мэдэхгүй байна. Тиймээс лабораторид шинжлүүлж байж, ямар нэгэн бодисын үлдэгдэл бий эсэх, хүний биед сөрөг нөлөөлөх, үгүйг мэднэ” хэмээв.
Раундап хэмээн нэршсэн бодисыг ХХААХҮЯ, Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэйгөөр импортолдог аж. 2022 онд 600 гаруй тонн ийм бодис худалдан авсан бол энэ жил 750 тонныг импортолсныг Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооноос дурдлаа. Ийм бодисыг уринш хийсэн талбайд хэрэглэдэг бөгөөд тухайн талбайг жил өнжүүлж байж ашигладаг учраас бодисын үлдэгдэлгүй болдог гэнэ. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр “Раундапын хэрэглээнээс шалтгаалж улаан буудай, бусад таримал болон гурилын чанар муу, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлж байж болзошгүй талаар сүүлийн жилүүдэд ярих боллоо. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ч саналаа илэрхийлж, асуудал дэвшүүлж байна. Раундап нь хог ургамлыг богино хугацаанд маш сайн устгадаг, болц гүйцэхэд ч нөлөөлдөг бөгөөд уриншийн талбайд хэрэглэж болдог. Ашиглаж буй талбайд хэрэглэсэн тохиолдолд 20 хоногийн хугацаанд задарч, үлдэгдэлгүй болдгийг тооцох учиртай. Ургац хураахаас 20-оос бага хоног дотор хэрэглэж болохгүй гэсэн үг. Түүнчлэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг олон улс даяар яриад, шүүмжлээд байгааг анхаарч, хэрэглээг нь хянах учиртай.
Тариалангийн талбайнхаа хог ургамлыг устгах, болцоо түргэсгэх зорилгоор замбараагүй хэрэглээд байна уу, эсвэл зөвхөн уриншийн талбайд, мөн технологийн хугацаанд ашиглаж байна уу гэдгийг хянан баталгаажуулах хэрэгтэй. Ийм хяналт шалгалтыг салбарын яам болон орон нутгийн төрийн байгууллагууд гүйцэтгэх шаардлагатай. Импортоор оруулж ирдэг газар тариалангийн гаралтай хүнсний бэлэн бүтээгдэхүүний найрлагад бий, эсэхийг тогтоох хэрэгтэй. Миний ойлгосноор Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд л глифосатын үлдэгдлийг тогтоох лаборатори бий гэсэн. Ийм бодисын үлдэгдэлтэй, үгүйг шинжилдэг, баталгаажуулах лаборатори хаана байдгийг иргэдэд мэдээлэх ёстой” хэмээсэн юм. Тэгвэл ХААИС-ийн дэргэдэх Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан н.Уянга “Улсын хэмжээнд манай лаборатори л таримал ургамал дахь глифосатын үлдэгдлийг шалгадаг. Одоогоор ийм бодистой бүтээгдэхүүн илрээгүй. Глифосат болон бусад бодисыг ургац хураахаас 45 хоногийн өмнө хэрэглэх шаардлагатай. Хэрэв ургац хураах дөхсөн үед хэрэглэвэл задрахгүйгээр бүтээгдэхүүнд үлдэнэ гэсэн үг. Тиймээс иргэд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ шалгуулж болно. Лабораторийн шинжилгээнд ашиглах урвалж бодисын зардал өндөр учраас нэг дээж шалгахад иргэн 100 000, аж ахуйн нэгжүүд 150 000 төгрөгийн хураамж төлнө” гэлээ.
Манай улсад газар тариалангийн бүтээгдэхүүн тарих, ургуулах явц, бэлэн бүтээгдэхүүний чанарыг хэрхэн шалгадаг, ямар баталгаа гаргадгийг мэдэхгүй хүн олон. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Ч.Арвинхишиг “Тарвас авч идээд гэр бүлээрээ гэдэс өвдөн, бүр эмнэлэгт хандсан. Тарвасын болцыг түргэсгэх, эсвэл томруулах зорилгоор бодис хэрэглэсэн байх. 2-3 өдөр бидний бие тавгүйрхэж, эм уусан. Түүнээс хойш төмс, хүнсний ногоо, тарвас, жимс авахдаа шинжилгээний бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаа, эсэхийг нь асуудаг болсон. Гэсэн ч ямар ч бичиг баримт байдаггүй юм билээ. Бид юугаар бордож, ямар технологи ашиглан тарьсан бүтээгдэхүүн идэж байгааг мэдэх боломжгүй гэсэн үг.
Үүийг аль байгууллага шалгахыг ч мэдэх юм алга” гэв. Эндээс улбаалбан Баянгол дүүрэг дэх “Барс” худалдааны төвийн ойролцоо шинэ ногоо борлуулж буй иргэдийн сэтгэгдлийг сонирхлоо. Тэнд олон төрлийн жимс, ногоог бөөнөөр болон жижиглэнгээр борлуулдаг бөгөөд голдуу Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланчдын бүтээгдэхүүнийг худалддаг. Тэндхийн борлуулагч Б.Оюунхандаас бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлсэн, эсэхийг лавлахад “Бид Сэлэнгэд тарьсан ногоог бөөнөөр нь худалдан авч, зардаг. “Барс”-ын ойролцоо тав дахь жилдээ ажиллаж байна. Ногоо, жимс, жимсгэнэд шинжилгээний бичиг байхгүй. Тийм бичгийг шаардлагатай бол тариаланчид нь авдаг байх. Бидний зарж буй бүтээгдэхүүнээс ямар нэгэн бодис илэрч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэсэн гомдол ирээгүй” гэсэн юм.
Хүнсний эрүүл ахуй нь хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой. Тиймээс ч зарим улсад, ялангуяа газар тариалангийн бүтээгдэхүүнийг тарих, ургуулах, хураах явц, бүтээгдэхүүнийх нь импортод онцгойлон анхаардаг нь анзаарагддаг. Харин манай оронд газар тариалангийн бүтээгдэхүүнийг тарих, ургуулах явц, таримал бүтээгдэхүүний чанар, ургамал хамгааллын бодисын хэрэглээ зэрэгт хэрхэн хяналт тавьдаг нь бүрхэг аж. Салбарын яамныхан, лабораториуд нь түүвэр шинжилгээ хийдэг, химийн бодисын үлдэгдэлтэй бүтээгдэхүүн илрээгүй, шаардлагатай бол иргэд шалгуулж, шинжлүүлж болно гэхээс өөр дорвитой хариулт өгч чадахгүй байна.