Рашаан ус элбэгтэй, тэдгээрийг зорин очдог амрагч сувилуулагчид ихтэй болохоор Архангай аймгийн Цэцэрлэг сумыг түүхэнд нэгэнтээ Рашаант уулын хошуу ч гэж нэрлэдэг байсан гэнэ. Одоо ч рашаан ус, Хонгоржийн тал, Бухын хүрээний туурь зэрэг түүхэн дурсгалт газруудаа түшиглэсэн аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа сум юм байна.
Тус суманд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр "Бидний бахархал" төслийг нээж үг хэлээд, Цэцэрлэг сумын иргэд, хөдөлмөрчдөд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Батлан хамгаалахын бодлого зорилтын талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны доктор профессор хурандаа Г.Мягмаржавын "Монгол эр хүн" сэдэвт лекцийг ард иргэд ихэд сонирхлоо. Мөн сумын төвийнхөн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг үзэцгээж, Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа үйлчилгээ авч, Монгол цэргийн музейн дэглэсэн Архангай аймагтай холбоотой эд өлгийн үзүүллэгийг сонирхож, "Алдар" спорт хорооноос хүүхэд залуучуудын дунд зохион байгуулсан спортын уралдаан тэмцээн, "Соёмбо" редакцын 100 жилийн ойг угтсан гар зургийн уралдаанд сурагчид идэвхтэй оролцлоо.
Ийнхүү Зая бандида Лувсанпэрэнлэй, Дарба бандида Агваанчойжирдондүв,
Ардын багш Д.Чойжилсүрэн, Ардын эмч Ч.Цэрэннадмид, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч хурандаа М.Ганзориг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, буудлагын спортын тамирчин О.Гүндэгмаа, дэслэгч генерал Б.Цийрэгзэн нарын алдартнуудын өлгий нутаг Цэцэрлэг суманд "Бидний бахархал" төсөл хэрэгжлээ.
Энд нэгэн эрхэм хүнийг онцлоход, "Улаан од"-ын "Улаан" хэмээгддэг хурандаа Ж.Ядмаа энэ нутгийн уугуул нэгэн ажээ. Он удаан жил цэргийн сонинг удирдан ажилласан ховорхон хувь тавилантай нэгэн бөгөөд дайны үед мэдээлэл сурталчилгааны ажлыг чанартай хийж, цэргийн сонины дараагийн удирдлагыг бодлогоор сургаж боловсруулах, залгамж халаагаа бэлтгэх асуудлыг хариуцаж байлаа. 1978 онд чөлөөндөө гарсан ч 2010 он хүртэл он удаан жил БХЯ-ны Ахмадын хорооны даргын албыг хашиж байсан шилдэг удирдагч, цэргийн сэтгүүлч байлаа.
Түүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлж "Улаан од" сонины 90 жилийн ойгоор Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнажээ. Үе үеийн цэргийн сэтгүүлчдийн багш болж түүхэнд үлджээ. Хоёр жилийн өмнө түүний үр хүүхдүүд, төрөл төрөгсөд эрхэм хурандаагийн мэндэлсний 100 жилийн ойг төрөлх нутагт нь хийж, номын баяр, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.