НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендерийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл Татварын ерөнхий газар (ТЕГ)-т Жендэрийн Үндэсний Хороотой хамтран хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ТЕГ нь тус санаачилгад хамрагдсан анхны Монгол Улсын төрийн байгууллага болов. Тус санаачилга нь ТХЗ 2030 хурдасгах зорилгын хүрээнд жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэхэд анхааран ажилладаг төрийн байгууллагуудыг онцлон дэмжих сайн дурын хөтөлбөр юм.
Анх 2021 онд хэрэгжиж эхэлсэн энэхүү санаачилга нь цар хүрээгээ тэлсээр (Монгол Улсыг оролцуулаад) нийт 19 улс орны 93 төрийн байгууллагуудад хэрэгжиж байна. Бүтэц зохион байгуулалт болон бодлогын бодит үр дүнгийн зөрүүг арилгах; институцийн амлалтуудыг бодит ажил хэрэг болгох замын зураглалыг боловсруулахад тус санаачлага нь гол дэмжлэг үзүүлдэг юм. Мөн оролцогч төрийн байгууллагуудын үр дүнгээс хамаарч алт, мөнгө, хүрэл гэсэн гурван төрлийн гэрчилгээг олгодог.
Өнөөдөр мөн хэрэгжиж эхэлж буй НҮБХХ-ийн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” хэмээх томоохон санаачилга нь төсвийн бодлогыг жендерийн тэгш байдалтай уялдуулж, төрийн санхүү, нөөц бололцоог дайчлах, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй татварын системийг дэмжих зорилготой юм. Монгол Улсыг оролцуулаад дэлхий дахинд нийт найман улс энэхүү санаачилгад хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба жендерт нийцсэн татварын тогтолцоог бий болгох хүрээнд ажиллаж байгаа юм.
Энэхүү санаачилга нь Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх чиглэлд чухал дэмжлэг болох ба тодруулбал, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх болон энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.