Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд амжилттай боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон баталлаа.
Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Улмаар ирэх дөрвөн жилд "Шарк" Д.Энхтүвшин Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг удирдахаар болов.
Мөн XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон баталлаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийх, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, Танхимын үүрэг оролцоог мөн хэлэлцсэн байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин XXI Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг бизнесийн гол тинк танк байгууллага болох, гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх, бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг хүчтэй, үр дүнтэй явуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, түүний дотор уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, танхимын гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэх чадавхыг сайжруулах, бизнес удирдах чадавхыг хөгжүүлэх шинэлэг сургалтуудыг шинэ шатанд гаргахад анхаарч ажилласан. Мөн бизнесийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад гол асуудал болох арбитрын эрх зүйг боловсронгуй болгох, Монголын Олон улсын Арбитрын институтийн хувьд бэхжүүлэх, чадавхыг сайжруулж чадсан” хэмээн онцлов.
Дэлхийн эдийн засгийн форумын “Их сэргэлт” санаачилгын үзэл баримтлал, бизнесийн орчны судалгааны үр дүнд тулгуурлан 2021 оны тавдугаар сард “Эдийн засгийн Их сэргэлтийн санаачилга”-ыг МҮХАҮТ-аас анх удаа гарган төр засаг, холбогдох байгууллагуудад танилцуулж, уг санаачилгыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын суурийг тавьсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвшөөрлийн тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бизнестэй холбоотой олон чухал хуулийн шинэчлэл хийсэн бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс ажлын хэсгүүдэд орж ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, санал хүргүүлэх зэргээр хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн төлөөлөн саналуудыг тусгуулж ажиллажээ.