МХБ-ийн уржигдрын арилжаагаар 43 компанийн 207 572 934 төгрөгийн үнэ бүхий 387 401 ширхэг хувьцаа болон нүүрсзэргийг борлуулжээ. Ингэснээр 2023 он гарснаас хойш энэ сарын 19 хүртэлх хугацаанд тус биржийн арилжааны дүн гурван их наяд төгрөгөөс давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн аж. МХБ-ийн арилжааны дүн 2015 онд 354.4 тэрбум төгрөгт хүрсэн нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн 25 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Тэгвэл 2021 онд 1.4 их наяд төгрөгийн үнэ бүхий үнэт цаас борлуулж, түүхэн үзүүлэлтээ шинэчилж байжээ. Энэ талаар МХБ-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албанаас “Биржийн арилжааны дүн гурван их наяд төгрөгөөс давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Үүнд энэ жил томоохон таван банкны хувьцаа болон 13 шинэ бүтээгдэхүүн арилжиж эхэлсэн нь нөлөөлсөн. Түүнчлэн гурван их наяд төгрөгийн хоёр их наяд буюу 60 гаруй хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтаас олсон” гэлээ.