Азийн хөгжлийн шинэчилсэн төлөвийг гаргаснаа Азийн хөгжлийн банкнаас (АХБ) өчигдөр танилцууллаа. Энэ үеэр Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулсан юм. Тус банкныхан манай улсын эдийн засгийг энэ онд 5.4 хувиар өсөж, инфляц 10.9 хувьд хүрнэ хэмээн төсөөлснөө өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тэгвэл шинэчилсэн төлөвөөр дээрх үзүүлэлтэд бага зэрэг өөрчлөлт орно гэж таамагласнаа дуулгалаа. Тодруулбал, Монголын эдийн засаг энэ онд 5.7 хувиар өсөж, инфляц 10.5 хувьд хүрнэ хэмээн тооцжээ. Мөн ирэх жил ДНБ 5.9 хувиар (өмнө нь эл тоог 6.1-т хүрнэ гэж төсөөлж байв) тэлж, инфляцын түвшин 8.6 хувь байна хэмээн тооцоолсныг АХБ-ны ахлах эдийн засагч Эдвард Фабер дурдав.
Эдийн засгийн өсөлтийг гадаад, дотоод эрэлт, экспортын сэргэлт дэмжихээр байгаа ч өндөр инфляц, түүний эсрэг хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого, дотоод санхүүжилтийн нөхцөл чангарсан зэрэг нь хязгаарлаж буй аж. Ирэх онд ДНБ-ий өсөлтийг уул уурхайн салбар, түүний тээвэр агуулах, үйлчилгээний бусад үйл ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөлөл болон хувийн хэвшлийн зээл дэмжихээр байгаа гэнэ. Үнийн тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг сайжруулах, бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ий өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй болгоход эергээр нөлөөлөхийг тус банкныхан онцлов.
БНХАУ хилээ нээснээр экспорт сэргэж, төлбөрийн урсгал дансны тэнцэл мэдэгдэхүйц сайжирсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, гадаад өрийн эргэн төлөлтийн эрсдэл буурсан зэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хүлээлт энэ оны эхнээс сайжирчээ. Гэхдээ инфляц өндөр хэвээр бөгөөд сүүлийн 27 сарын турш Төвбанкны зорилтот түвшнээс даваад байгааг санууллаа. Хэдийгээр энэ жилийн хоёрдугаар хагаст инфляц буурах төлөвтэй ч 2023 онд өндөр буюу 10.5, ирэх жил 8.6 хувь байхаар төсөөлсөн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан таамгаас ялимгүй бага юм.
Манай улсын эдийн засагт нөлөөлж болзошгүй, дээрх төсөөллийг бууруулж магадгүй эрсдэлүүд бийг АХБ-ныхан сануулав. Тодруулбал, БНХАУ-ын түүхий эдийн эрэлт буурах, нүүрс, бусад таваарын үнэ хямдрах, худалдааны шинэ хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан гадаад худалдааны тасалдал, санхүүжилтийн нөхцөл чангарснаас үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврууд, дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал ба удаашрал, хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах зэргийг энд дурдах болох нь.
ИНФЛЯЦЫГ БУУРУУЛЖ, АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд “Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн. Сүүлийн гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт боломжийн түвшинд байлаа. Үүнд нэг талаас үйлчилгээ, уул уурхайн салбар голлон нөлөөлсөн. Нөгөө талаас төлбөрийн урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеийнхээс мэдэгдэхүйц сайжирсантай холбоотойгоор цэвэр экспортын үзүүлэх хувь нэмэр үлэмж нэмэгдэж байгаа. Нийт хэрэглээ мөн эерэг нөлөө үзүүлж буй. Монголын эдийн засаг гурван жил үргэлжилсэн хямралын дараа шинэ өсөлтийн мөчлөгт шилжижбуй цаг үе ирж байна. Энэ бол 2009 оны хямралаас хойших гурав дахь тэлэлтийн мөчлөг. Тоон үзүүлэлт сайн байж болох ч бид энэхүү өсөлтийг чанар талаас нь харах хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийг харвал ердөө зургаад нь бүх салбар жигд өссөн. Бусдад нь аль нэг салбар нь агшсан. Голдуу мөнгөний хатуу бодлого баримтлах үед аль нэг салбар илүү агшсан тохиолдол гарсныг харж болно. Мал аж ахуй, газар тариалангийн гээд хөдөө аж ахуйн салбар цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтай. Нөгөө талаас уул уурхайн бус салбар хөдөлмөрийн зах зээлийг ихээр “шингээдэг”. Ийм секторт хатуу бодлого үлэмж нөлөө үзүүлдэг” гэж ярилаа.
Манай улсын эдийн засгийн сүүлийн 20, 30 жилийн түүхийг харвал хямрал, хүндрэлийн үед төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, инфляцын дарамт өслөө гээд төсвийн бодлогыг гол төлөв тэлж иржээ. С.Болд “Төсвийн бодлого тэлэхийн хэрээр төсвийн алдагдал нэмэгдэнэ. Энэ хэрээр улсын өр өснө. Үүнээс шалтгаалж мөнгөний бодлогод орон зай үлддэггүй. Ингээд мөнгөний бодлогоо чангаруулах гэсэн сонголт хийхэд хүрдэг. Гэтэл эдийн засаг агших бус, тэлэх үед мөнгөний бодлого төдийлөн зөөлөн болдоггүй. Төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал нэмэгдлээ гээд мөнгөний бодлогоо дорвитой сулруулж, хувийн хэвшлээ дэмжиж чаддаггүй. Эдийн засгийн бүтцийн гажуудлаас шалтгаалсан бодлогын сонголт хийхэд хүрдэг. Хэдийгээр Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд инфляц доошилж буй ч Монгол Улсад төдийлөн хурдан буурахгүй байна. Инфляцын “гарал үүсэл”-д нь тохирсон бодлого хэрэгжүүлж чадвал илүү хурдан буух болов уу” гэв. Сүүлийн 18 жилийг харвал Засгийн газрын хэрэглээ гуравхан жилд (2009, 2015, 2017 он) нь буурчээ. Мөн 2013 оноос бусад үед цэвэр экспорт, хөрөнгө оруулалт “агшсан” байна.
Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгахын тулд хоёр зүйлд анхаарах хэрэгтэйг С.Болд хэллээ. Нэгдүгээрт, өндөр түвшинд байгаа инфляцыг бууруулж, нам, тогтвортой түвшинд байлгах ёстой аж. Дээр дурдсанчлан сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд инфляц зорилтот түвшнээс дээгүүр байгаа юм. Хэдийгээр эдийн засаг өссөн гэжбуй ч өрхгэр, хувийн хэвшлийнхэнд нөлөөлөхгүй байгаад анхаарах учиртай аж. Сүүлийн үед эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэж буйг Төвбанкнаас онцолсон. Нийлүүлэлтийн гаралтай инфляцтай бодлогын хүүгээр тэмцэх боломжгүй. Харин хэрэглээний сагсан дахь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэнэ.
Хоёрдугаарт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ёстой бөгөөд ажиллагсдын тоо өсөхгүй байгааг санууллаа. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсад 1.16 сая иргэн ажил эрхэлж байжээ. Эл хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.5 хувь байсан нь чамлалттай тоо.
Чанартай ажлын байр, түүнийг бий болгох хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих хэрэгтэй агаад хөдөлмөрийн захзээлд реформ хийххэрэгтэй аж. Мөн гадаад тэнцэл сайжирч байж эдийн засаг тогтвортой өсөх боломжтойг дурдав. Түүнчлэн татварын суурийг тэлэх, төсвийн зардлыг эрэмбэлж хумих, хуримтлалыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байлаа. Зардал тал дээр цар тахлын үед хэрэгжүүлсэн төсвийн тэлэх бодлогыг зогсоож, хэвийн үеийн бодлогод шилжих хэрэгтэй гэнэ. Бас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, он дамжин хэрэгжүүлж дуусдаггүй төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаж, орлого өндөр байх үед хуримтлалын сангуудын хөрөнгийг нэмэгдүүлж байж төсвийн тогтвортой байдлыг хангана гэлээ. Нөгөөтээгүүр, төсөв ашигтай байлаа гээд бүх зүйл сайхан болчихгүйг санах учиртай аж. Манай улсын гадаад валютын нөөц 3.5 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд буюу3.9 тэрбум ам.долларт хүрсэн зэрэг эерэг үзүүлэлт бий ч зөв арга хэмжээ хэрэгжүүлэхгүй аваас уул уурхайн салбарын нөлөө давамгайлсан, цар тахлын дараа хэдийн засгийн өсөлт цаг зуурынх, дараагийн гадаад шок үүсвэл байхгүй болчих ч эрсдэлтэйг тодотгов. Бүтцийн шинэчлэл хийхгүй бол дахиад л хямралд орохыг ч үгүйсгэхгүй нь.
Манай улсын банкны салбар тогтвортой байгааг С.Болд эдийн засагч дурдав. Мөн эл салбарт зөв хүлээлт үүсгэх нь маш чухал гэдгийг өгүүлээд, зохицуулалтын орчин, цаг үеэ олоогүй шийдвэр хүлээлтэд сөргөөр нөлөөлдөг гэж байлаа. Банкны салбарыг илүү бэхжүүлэхийн тулд хувийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй аж. Тодруулбал, дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулалт татахыг бүх талаар дэмжиж, актив, нийт зээлийн багцаа тэлж“тогоо”-гоо томруулах шаардлагатай гэнэ. Гадаадаас хөрөнгө татахын тулд Монголын санхүүгийн салбарын эрсдэлийг багасгаж, наад зах нь зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй аж.
Том эдийн засагтай зарим орны Төвбанк бодлогын хүүгээ өсгөж буй бол Азийн зарим улс бууруулж эхэлжээ. Ерөөс мөнгөний хатуу бодлого ирэх онд зөөлрөх орон зай үүсэхээр буйг дээрх банкныхан тодотгосон юм. Мөнгөний хатуу бодлого бариад байвал эдийн засгийн өсөлт иргэд, аж ахуйн нэгжүүдэд “наалдахгүй”. Иймээс төсвийн тогтвортой, мөнгөний ухаалаг, хувийн хэвшлээ дэмжсэн, гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бодлого баримтлах нь зүйтэй хэмээв.
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСЭД ЭРСДЭЛ НҮҮРЛЭЖ БОЛЗОШГҮЙ
Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг тогтвортой өсөх ч эрсдэл нэмэгдэнэ гэж АХБ-ныхан тооцсон байна. “Азийн хөгжлийн төлөв” тайланд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийг энэ онд 4.7 хувиар өснө хэмээн таамагласныг тэмдэглэжээ. Энэ нь дээрх тоог 4.8 хувь байна хэмээн өмнө нь төсөөлснөө үл ялиг өөрчилсөн гэсэн үг. Тэгвэл ирэх онд 4.8 хувиар өснө гэж тооцсоноо хэвээр үлдээсэн байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын нөхцөл байдал бүс нутгийн төлөвийг доош чангааж байгаа гэнэ. Мөн дэлхий даяар хүүгийн түвшин өндөр байгаа нь санхүүгийн тогтворгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж буйг дээрх тайланд дурджээ. Түүнчлэн үер, ган болох зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нь хүнсний үнийг дахин нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдалд сорилт учруулж болзошгүй аж.
Бүс нутгийн хэмжээнд инфляцыг өдөөгч хүчин зүйлс буурч байгаа тул хэрэглээний үнийн индекс цаашид доошилно хэмээн таамаглажээ. Ази, Номхон далайн бүс нутагт инфляц энэ онд 4.2 хувьд хүрнэ гэж тооцсоноо 3.6болгон бууруулсан бөгөөд БНХАУ-д хэрэглээний үнийн индекс доогуур байгаагийн сацуу хүнс, эрчим хүчний үнэ тогтворжсонтой энэ нь холбоотой гэнэ. Тэгвэл ирэх онд эл тоо 3.5 хувь байна хэмээн таамагласан байна.