Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хооронд байгуулагдсан Ажлын мастер гэрээний хүрээнд 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын Миллениум Ай Ти цогц системийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц олон улсын стандартад хүрч, үнэт цаасны компаниуд төдийгүй хөрөнгө оруулагчид өөрсдөө онлайнаар арилжаанд оролцох боломжтой болсон нь зах зээлд оролцогчдын шударга, жигд оролцоог хангах чухал алхам болсон билээ.
МХБ нь үнэт цаасны арилжааг ил тод, алдаагүй явуулах үүрэгтэй байгууллагын хувьд арилжааны систем, дэд бүтцийн шинэчлэлийг тогтмол хийж явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд Миллениум арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөт төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Уг ажлын хүрээнд шинээр суурилуулсан арилжааны үндсэн системд 2023 оны 09 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөх шатны туршилт (User Acceptance test), 2023 оны 09 дүгээр сарын 09 болон 16-ны өдрүүдэд хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч талуудыг хамарсан хийсвэр арилжааны туршилт (Mock Test)-ыг тус тус зохион байгуулсны үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн уг системийн шинэчлэлийг арилжаанд амжилттай нэвтрүүллээ.
Монголын хөрөнгийн бирж