Баррель газрын тосны үнэ 95 ам.доллар болж, сүүлийн 10 сарынхаа дээд түвшинд хүрлээ. Эл таваарын томоохон үйлдвэрлэгч Саудын Араб, ОХУ нийлүүлэлтээ энэ оныг дуустал өдөрт 1.3 сая баррелиар багасгахаар болсон, улс орнуудад уг бүтээгдэхүүний эрэлт хэвээр байгаа нь үүнд нөлөөлсөн тухай “Business insider” мэдээлэв. Ялангуяа Азийн орнуудын эрэлттэй холбоотойгоор энэ жилийн эцэст газрын тосны ханш 100 ам.долларт хүрч магадгүй хэмээн таамагласнаа “Bank of America” мэдэгджээ. Мөн энэхүү бүтээгдэхүүний үнэ 2023 онд гурван оронтой тоонд хүрч өсөхийг үгүйсгэхгүй гэж төсөөлснөө “Citi” группийн стратегичид дурдав. Ойрын хугацаанд баррелийнх нь ханш 100 “ногоон”-д хүрэх магадлалтай хэмээн тооцсоноо “Chevron” корпорацынхан хэлснийг “Bloomberg” дамжуулсан юм. Саудын Арабын Эрчим хүчний сайд Канадад болсон хурлын үеэр “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) зах зээлийг тогтвортой байлгах, эрчим хүчний аюулгүй байдалд анхаарч байгаа” гээд, тус улс нийлүүлэлтийн хэмжээгээ сар бүр өөрчлөхийг ч үгүйсгээгүй аж. Ташрамд дурдахад, “харалт”- ны ханш гурван долоо хоног дараалан өсөөд буйг шинжээчид онцолжээ.
Бэлтгэсэн: Ц.Болор