“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, энэ сарын 26-нд дуусахыг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Эдгээр өдөр дээрх хүрээлэнгийн дотор 10.00-19.00 цагт хүнс, хоол, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, тариаланчид бүтээгдэхүүнээ дэлгэх бол гадаа нь газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болох гэнэ. Уг арга хэмжээг маргааш албан ёсоор нээх бөгөөд хүнсний үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг болох аж. Тэгвэл баасан гарагт 11.00-15.00 цагт газар тариалангийн салбарын танилцуулах, 15.00-17.00 цагт баруун бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах өдөрлөг зохион байгуулах нь.
Харин бямба гарагт 11.00-13.30 цагт төвийн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах, 14.00-17.00 цагт хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг болох гэнэ. Түүнчлэн ням гарагт зүүн, хангайн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах аж. Мөн энэ сарын 25-нд B2B гэрээ хэлэлцээ хийх, хамтын ажиллагааны уулзалт 14.00-17.00 цагт болох нь. Энэхүү үзэсгэлэн худалдаанд зориулж цэнгэлдэх хүрээлэн дотор 240 асар бэлтгэжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал