Ажиллах хүч худалдсаных нь төлөө Британий хааны гэр бүлээс Карибын тэнгисийн сав газрын орнууд төлбөр нэхэхээр төлөвлөж байна. Түүгээр ч барахгүй ажиллах хүч худалдах, хүмүүсийг тариалангийн талбайд мөлжлөгийн журмаар албадан хөдөлмөрлүүлэхэд гүйцэтгэсэн түүхэн үүргийнх нь төлөө даатгалын “Lloyd’s of London” компанийн болон Английн сүм, хийдүүдээс бас төлбөр шаардах аж. Ажиллах хүч худалдах үйл ажиллагаатай түүхэн холбоо сүлбээтэй байгууллагуудад энэ он дуусахаас өмнө албан ёсоор бичиг илгээх нь зүйтэй гэж Үндэсний төлбөр хариуцсан комисс үзжээ.
Карибын тэнгисийн орнууд Британийн Засгийн газартай тохиролцох оролдлогоо орхиж, тодорхой байгууллагуудаас төлбөр авахаар стратегиа өөрчилсөн нь ВВС-гийн сурвалжлагч асан, хатагтай Лоре Тревельянтай холбоотой юм. Тэрбээр боолын хөдөлмөр эрхлүүлж байсан өвөг дээдсийнхээ гэмийг цайруулах зорилгоор 100 мянган фунт стерлинг төлөхөөр амлажээ. Учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тохиролцоог заавал Засгийн газрын түвшинд хийх ёстой биш болохыг түүний амлалт харуулсан байна. Төлбөр эрхэлсэн комиссын дарга “Telegraph”-ын сурвалжлагч Арли Гиллтэй ярилцахдаа “Төлбөр өгөх асуудалд хаан Карл анхаарлаа хандуулж уучлалт хүссэн мэдэгдэл хийх төдийгүй гэр бүлийнхээ нөөц сангаас хөрөнгө гаргана гэдэгт найдаж байна. Гэр бүлийнхнээ бүсээ чангалахад хүргэ гэж бид хэлэхгүй, гар хумхиад суухыг ч бас хүсэхгүй.
Бидний үзэж байгаагаар төлбөрийг барагдуулахын тулд юу хийж болох тухай ширээний ард суугаад ярилцах боломжтой” гэв. Гиллийн бодлоор бол төлбөр төлөх үүрэг банк, “Lloyd’s of London” мэтийн даатгалын компаниуд, ашгаас нь хүртсэн их сургууль, коллежууд гээд бүх түвшний байгууллагад ногдох ёстой аж. Хаан нь Виржини мужийн тамхины ургамлын талбайд боолын хөдөлмөр эрхлүүлж байсан худалдаачин Эдвард Портеусийн шууд удмын хүн болохыг судлаач бүсгүй Дезире Баптист саявтар олж мэджээ. Ажиллах хүч худалдах ажил эрхэлж байсан Африк дахь компанийг үүсгэн байгуулахад хааны гэр бүл шууд оролцож, ашгаас нь хуваалцаж байжээ. Ажиллах хүч худалдаж байсан үйлдэлтэй өөрийнх нь гэр бүл ямар холбоотой байсныг цаашид судлахыг дэмжихээ хааны төлөөний хүмүүс мэдэгдсэн аж. 2021 онд хаан үг хэлэхдээ боолын худалдаанд Британи оролцож байсан үе нь “Манай түүхийн хамгийн харанхуй өдрүүд байсан юм” гэсэн байна. Харин үүний араас хэн ч хэлбэрийн төдий ч гэхнээ уучлалт хүссэнгүй. Харин улс орон нь боолын худалдаатай холбогдож байсны төлөө Нидерландын Ван энэ онд албан ёсоор мэдэгдэл хийсэн юм. Боолуудыг зөөж байсан хөлөг онгоцнууд болон боолуудыг хөлгийн ачаа болгон тээвэрлэхдээ даатгалын үйлчилгээ хийхэд гол үүрэг гүйцэтгэснээ“Lloyd’s of London” компани хүлээн зөвшөөрөв.
Боол худалдах үйл ажиллагаатай шууд холбоотой байсан “Barclays”, RBS банк боолуудыг зөөх ажлыг санхүүжүүлэн байсан төдийгүй удирдагчид нь өөрсдөө боолын эзэд байжээ. Английн сүм, хийдийн голлох зүтгэлтнүүд ч хажуудаа зарц барлагтай байсан аж. Эвангелийн судрыг дэлгэрүүлэх Нэгдсэн нийгэмлэг Барбадос дахь тамхины ургамлын талбайд хөрөнгийн дэмжлэг үзүүлж, бэл бэнчин багатай шашны байгууллагуудыг дэмжих сан боолын худалдаа эрхэлдэг Өмнөд тэнгисийн компанид хөрөнгө оруулсан байж. Британийн эдгээр тэргүүлэх байгууллагууд төлбөр барагдуулах комиссын бэлтгэсэн албан ёсны шаардлагыг авах ёстой нь “Telegraph”-ын сэтгүүлчдэд тодорхой болсон байна. Тус комиссын дарга, хуульч Адриан Од л сэтгүүлчийн асуултад хариулахдаа Британийн холбогдох байгууллагууд өмнөх үеийнхнийхээ хийсэн нүглийг үүрэхэд хүрч байна гэжээ. Хааны гэр бүлийн мэдэлд байгаа хөрөнгө хогшил бүрээс боолуудын хөлсний үнэр ханхалж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Энэхүү Од л төлбөрийн асуудлыг чармайн хэлэлцэхэд бэлнээ харуулахгүй байгаа Британийн Засгийн газартай зууралдахаас зайлсхийж хохирол нөхөн төлөхийг тодорхой байгууллагуудаас албан ёсны захидал илгээж шаардахаар төлөвлөж буй аж. Захидлыг арванхоёрдугаар сард явуулах бололтой. Өнөөг хүртэл Засгийн газрын түвшинд хэлэлцээр хийхэд хүчин чармайлтаа чиглүүлж байсан Карибын тэнгисийн сав газрын орнуудын төлөвлөгөө өөрчлөгдөж, Засгийн газрыг орхиод, нөхөн төлбөрийн асуудлаар тодорхой гэр бүл, байгууллагатай хэл амаа ололцох нь ихээхэн давуу талтайг олж харсан байна. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар ийм хандлагыг одоогийн Ерөнхий сайд Риши Сунак болон Британийн цаашдын удирдагчдад улс төрийн шахалт үзүүлэхэд ашиглаж болох аж. Дээр өгүүлсэн Гилл “Ийм юм болох ёстойг Лора Тревельяны шийдвэрээс хойш Карибын сав газрын орнуудын удирдагчид идэвхтэй ярилцаж эхэлсэн юм. Тав, арван жилийн өмнө төлбөрийн талаар ярьж эхлэхэд зарим нь биднийг шоолж байсан. Бид одоо буян үйлдэхийг гуйж байгаа юм биш, өрөө төлөхийг л шаардаж байна. Энэ бол та нарын ёс суртахууны болон хууль, эрх зүйн үүрэг” гэж тэмдэглэсэн байна.