Манай улсын эрчим хүчний системийн хамгийн өндөр ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өндөртөө энэ сарын 17-ны 21.00 цагт 1089 МВт-д хүрснийг ЭХЗХ-ноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 127 МВт-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Судалгаанаас харахад айл өрхүүд халаалтад хэрэглэж буй дулааны эрчим хүчнийхээ 50 хүртэлх хувийг цонхоороо алддаг байна. Иймээс хуучин цонхнуудаа хоёроос гурван давхар шилтэй вакумаар солин дулааны алдагдлаа бууруулах нь үр ашигтайг дээрх хорооноос сануулав.
Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 50 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын шав тавьжээ. Эл станцыг 108.4 сая ам.доллароор барих бөгөөд “Ride Mongolia” ХХК өөрийн хөрөнгөөр хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухай ЭХЯ-наас мэдээлэв. Мөн Засгийн газраас дээрх аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхээр болсон гэв. Шадар сайд С.Амарсайхан “Уг ДЦС-ыг барьснаар жилд 317.7 сая кВт/ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд одоогоор хэрэглэж буй цахилгаан, дулаанаас тав дахин илүү хүчин чадалтай байх юм” гэжээ. Энэ талаар зарим мэргэжилтэн “Салбарын сайдаас эхлүүлээд мэргэжлийн хүмүүс хэрэглэгчдэд нийлүүлж буй цахилгааны тариф нь үйлдвэрлэж буй өртгөөсөө хэт доогуур байгаагаас шалтгаалж уг салбарынхан санхүүгийн алдагдалд орсон, цаашид технологийн өргөтгөл, шинэчлэл хийхэд хүндрэл үүсээд буйг ялангуяа энэ жил ихээхэн ярьсан. Ийм нөхцөлд одоогийн мөрдөж буй тарифаас гурав дахин хямдаар нийлүүлнэ гэхээр хөрөнгө оруулалтаа яаж нөхөх, үйл ажиллагааны зардлаа хэрхэн зохицуулах вэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байв.
Бэлтгэсэн: Б.Сонор