-“Орано майнинг” групптэй хийх гэрээний загварыг эцэслэхээр ажиллаж байна-
Дэлхийн 15-хан улс ураны нөөцтэй, тэдгээрийн нэг нь Монгол. Тодруулбал, манайд ураны 13 ордод тогтоогдсон нөөцийн хэмжээ одоогоор 192 000 тонн гэсэн статистик бий. Энэ нь дэлхийн ураны нөөцийн хоёр хувьтай тэнцэхүйц, олон улсад 10 дугаарт эрэмбэлэгдэх дүн юм. Өөрөөр хэлбэл, уран олборлох төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай орон эл салбарт дэлхийд тэргүүлэгч 10 улсын нэг болно гэсэн үг. Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд баталсан. Ингэснээр цацраг идэвхт ашигт малтмалын салбарт эрх зүйн шинэлэг харилцаа, хамтын ажиллагаа бий болох нөхцөл бүрдсэн гэж үздэг. Гэтэл бодит байдалд эрх зүй, эдийн засаг, уул уурхайн олборлолт гээд аль ч талаасаа урантай холбоотой төслийн ажлын явц удаан, үр дүн муутай байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?
“Зөөвч Овоо” төслийн хөрөнгө оруулалт 1.2 тэрбум, олох орлого нь 36 жилийн хугацаанд долоо орчим тэрбум ам.доллар байхаар тооцсон. 1.3 тэрбум ам.долларын татварыг орон нутагт төлнө. Туршилтын үйлдвэрлэлийн хугацаанд 28.7 тэрбум төгрөгийг татвар, төлбөр, ажилчдын цалин хөлс, гэрээлэг ч компаниудын зардал зэрэгт зарцуулна.
НЭГ КОМПАНИД АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЬ
Манай оронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөн компани л уран хайх, олборлох, улмаар шар нунтаг үйлдвэрлэхээр зорин үйл ажиллагаа явуулж буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Тухайлбал, 66 хувийг нь Францын “Орано майнинг” групп, 34 хувийг нь төрийн өмчит “Мон-Атом” эзэмшдэг, Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймаг дахь Зөөвч Овоо, Дулаан-Уулын ордод үйл ажиллагаа явуулж буй. Мөн Чехтэй хамтарсан “Гурвансайхан” компанийн Гурвансайхан, Хараат, Хайрханы ордын төсөлд тусулсын“Ураниум индастри” 85, “Мон-Атом” 15 хувийн оролцоотой ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна Дорнод аймаг дахь Гурванбулаг ордод Монгол, Хятадын хамтарсан компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар материалаа бүрдүүлж буй аж. Уг ордыг гадаадын хөрөнгө оруулагчид олон жилийн өмнөөс сонирхон, 2009 онд Канадын “Вестерн проспектор” компани хайгуул хийн, олон сая ам.доллар зарцуулсан ч үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй байсаар хувьцаагаа урд хөршийн компанид борлуулж, манай улсаас гарсан түүхтэй.
Үндсэндээ өдгөө тогтвортой үйл ажиллагаа явуулж, нөөцөө нэмэгдүүлэн, улмаар шар нунтаг экспортлохоор “Бадрах энержи” компани л ажиллаж буй гэсэн үг. Ураны төслүүд олон жил гацан, үр дүнд хүрэхгүй явсаар ирсний нэг шалтгаан нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гэж болно. Энэ талаар АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст “Дорноговь аймгийн Улаанбадрах сумд ураны хайгуул, туршилтын үйлдвэрлэл явуулж буйн улмаас байгаль орчинд сөргөөр нөлөөлж, мал, амьтан хордсон талаар цөөнгүй жил ярьсан. Үүнээс шалтгаалан уран хайх, олборлох чиглэлээр манайд ганцаараа шахам үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” компанийн ажлын явцыг удаашруулах, хөрөнгө оруулагчдыг үргээх нэг шалтгаан болсон.
Уг нь мал эмнэлгийн байгууллага болон БОАЖЯ-ныхны дүгнэлтээр ураны хайгуулаас болж мал эндсэн, өвдсөн гэдэг нь батлагдаагүй. Ер нь эрдэс бүтээгдэхүүний хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компани нутгийн иргэд, засаг захиргааны байгууллагатай үл ойлголцсоны улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирдгийг одоо халах хэрэгтэй. Үүний тулд иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах, төслийн үр ашгийн талаар танилцуулах, сурталчлах шаардлагатай” хэмээн ярив. Тэгвэл Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболд “Ямар нэгэн бодисын нөлөөгөөр мал үхсэн, гажигтай төл гарсан гэж үзвэл юуны түрүүнд мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Дорноговь аймгийн Улаанбадрах сумд гажигтай төл гарсан гэж ярьдаг ч мэргэжлийн байгууллагаар нотлогдоогүй” гэсэн юм.
ДОЛООН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛОХООР ТООЦЖЭЭ
Дээр дурдсанчлан уран, атомын цахилгаан станц гэдэг үгийг сонсмогц цөөнгүй хүн байгаль орчин, хүний биед хор хөнөөлтэй үйлдвэрлэл явуулах нь, улс орон цөмийн хог хаягдлын бүс болох нь хэмээн болгоомжилж, эсрэг байр суурь илэрхийлдэг. Тэгвэл уран нь бусад төрлийн ашигт малтмалтай ижил бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг буюу алтнаас 500, мөнгөнөөс 20 дахин их тархан байгальд оршдог аж. Ураныг зөвхөн цөмийн түлш, цөмийн бөмбөгөөр хязгаарлахгүйгээр хүмүүсийн өдөр тутмын энгийн амьдралд эрүүл мэнд, үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглаж буйг ойлгох хэрэгтэй. Дэлхийн нийт эрчим хүчний 10 орчим хувийг цөмийн станцаас үйлдвэрлэж байгааг Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлжээ. Цөмийн 390 ГВт эрчим хүчийг 31 орны 440 реактор үйлдвэрлэж буй гэнэ. Шинжээчдийн таамаглалаар ирэх 10-20 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар гурван хувиар өсөх бөгөөд эрэлтийг хангахад цөмийн станц чухал нөлөөтэйг онцолж байна. Манай улсын хувьд ч эрчим хүчний хэрэглээ байнга өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд түүний дутагдал, агаарын бохирдол зэрэг томоохон бэрхшээлтэй тулгарч буй. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь уран олборлож цаашлаад ашиглан эрчим хүч үйлдвэрлэж болох тухай 2009 онд бодлогын баримт бичиг, хуульд тусгаж өгсөн. Энэ талаар “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал “Бид нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэтэл 2030-2040 онд дэлхий даяар нүүрсний хэрэглээг халахаар ярьж байна.
Тиймээс ч олон улсад атомын 400 гаруй цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөн, энэ оны байдлаар 54-ийг нь барьж эхэлсэн. Тэдгээрийн дийлэнхийг манай хоёр хөрш барьж буй. Өдгөө хэрэглэж буй атомын цахилгаан станцуудын тоог хоёр дахин нэмж байж нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулна гэсэн тооцоо ч бий. Монгол Улс 30 жилийн дараа мөн л нүүрсээ түлсээр байх уу, эсвэл нар, салхины болон атомын цахилгаан станцтай болох уу гэдгээ одоо л шийдэх хэрэгтэй. Бидэнд баялаг нь бий. Дэлхийн 15-хан улсад ураны нөөцтэй, бид 10 дугаарт нь бичигдэж байх жишээтэй. Ураны туршилтын үйлдвэрлэл эрхлэн, үйлдвэрээ ашиглалтад оруулахаар зэхэж буй “Зөөвч Овоо” төсөл манайд байна. Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэнд анхны шар нунтгийг 2021 онд гарган авсан. Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж уран олборлох энэхүү төсөл олон жил зогсонги байсан. Харин “Мон-Атом”-ын хувьцааг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлснээр сүүлийн хоёр жилд төслийг эхлүүлэх ажлын бэлтгэлийг эрчимтэй хангаж буйд хөрөнгө оруулагч тал ч талархаж байгаа. “Зөөвч Овоо” төслийн хөрөнгө оруулалт 1.2 тэрбум, олох орлого нь 36 жилийн хугацаанд долоо орчим тэрбум ам.доллар байхаар тооцсон. 1.3 тэрбум ам.долларын татварыг орон нутагт төлнө. Туршилтын үйлдвэрлэлийн хугацаанд 28.7 тэрбум төгрөгийг татвар, төлбөр, ажилчдын цалин хөлс, гэрээлэгч компаниудын зардал зэрэгт зарцуулна. Төслийг хэрэгжүүлснээр орон нутагт багадаа 800 гаруй ажлын байр бий болно” гэлээ.
Ураныг бусад төрлийн ашигт малтмалтай адил ил болон далд аргаар, мөн газар дор уусган олборлох технологиор ашигладаг юм байна. Эдгээрээс ордын тогтоц болон бусад хүчин зүйлийг тооцон “Бадрах энержи” компани газар дор уусган олборлох аргыг сонгожээ. Энэ нь уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг их, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө бага зэрэг давуу талтай гэнэ. Туршилтыг 500 хоног үргэлжлүүлж, 16 тонн шар нунтаг гарган авах аж.
“Бадрах энержи” компанийн 66 хувийг эзэмшигч Францын “Орано майнинг” групптэй “Зөөвч Овоо” төслийг хэрхэн үргэлжлүүлэх, уран олборлолт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтын ямар гэрээ үзэглэх, санхүүгийн загварыг хэрхэн боловсруулах талаар ХЗДХЯ, дээрх группийн төлөөлөл уулзан, санал солилцсоныг тус яамнаас мэдээллээ. Тодруулбал, гэрээнд тусгах санал, төлөвлөгөө, байр сууриа талууд илэрхийлсэн бөгөөд ирэх долоо хоногт гэрээний загварыг нэгтгэн зөвшилцөхөөр болжээ.
Ташрамд дурдахад, шар нунтгийг хэд хэдэн дамжлагаар оруулж, боловсруулж байж цөмийн түлш болгодог. Дэлхий дахинд Англи, Франц, АНУ зэрэг ердөө таван орон л шар нунтгийг баяжуулан цөмийн бодис гарган авч буй. Харин шар нунтаг нь хүн, байгальд хор нөлөөгүй гэсэн үг. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн 2011 оны зарлигаар цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах, нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх, бусад оронтой яриа хэлцэл хийхийг хориглосон. НҮБ-ын чуулганаар ч Монголыг цөмийн статусгүй улс болгон зарласныг дэмжсэн бөгөөд шар нунтаг экспортолсон орон нь боловсруулалт, ашигласан цөмийн түлшнээс үүсэх хаягдлыг буцаан авна гэдэг ойлголт ташаа болохыг мэргэжилтнүүд хэлсэн юм.