Манай улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний найм болон наймдугаар сарын голлох үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1-8 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 18.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 52.8 хувиар өсжээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт 63.4, боловсруулах үйлдвэрлэл 32.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Боловсруулах үйлдвэрлэлд самнасан ноолуур, ус, ундаа болон цэвэр спирт, шингэн сүү, янжуур тамхи, цемент, махан бүтээгдэхүүн, ноолууран болон сүлжмэл эдлэл багтсан бөгөөд эдгээрийн биет хэмжээ хоёр хувиас 3.5 дахин өссөн аж. Харин катодын зэс, гурил, цагаан архи, нүүрсэн буюу шахмал түлш, шохойн үйлдвэрлэл 0.9-26.6 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний найман сард 15.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.2, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наядад хүрч 45.7 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 12.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын ашигтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 803.3, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.2 их наядад хүрч, 850.5 тэрбумаар нэмэгдсэн аж. Түүнчлэн татварын нийт орлого 2023 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.7 их наяд төгрөг болж 47.1 хувиар өсжээ. Үүнд орлогын болон ашигт малтмалын нөөц ашигласны татвар нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ны тайланд дурдав.