Баярын мэнд хүргэе. Нийслэлийн төв талбайд болж буй “Номын баяр”-ын үеэр хүмүүс хоорондоо ингэж ярихыг сонсоход хоёр янзын бодол төрсөн юм. 14 жил тасралтгүй, 34 дэх удаагаа зохион байгуулж байгаа, өргөн олныг хамруулсан уг арга хэмжээг энэ хүргэх гэж зохион байгуулагчид юу эсийг үзэж, туулсан бол. Ямар даваа даван, бусдад боломж олгож, түүнээсээ өөрсдөө сэтгэлийн таашаал авдаг бол гэсэн өнцгөөс авч үзэхэд яах аргагүй баяр биз ээ. Мөн үүнд уригдан, оролцож, оюуны бүтээл, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулдаг, ном, бусад туурвил хэмээх соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн болон уншигч, сонирхогчдын ч хувьд баяр ажгуу. Нөгөөтээгүүр, сошиал ертөнцөд “Номын баяр гэх нь тохиромжтой юу. Номын өргөтгөсөн худалдаа, яармаг гэвэл таарах бус уу” хэмээн бичих болсон. Тийм байвал ямар вэ гэж бодоход нэг л явцгүй, өөрийгөө хүчилсэн болох гээд байлаа. Алин болохыг шийдэх амархан. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, түүний тэргүүн, сэтгүүлч, номын санч, соёлын зүтгэлтэн гэж өргөмжлөхөд гайхах зүйлгүй Б.Сувд санаачлан эдүгээ 34 дэх удаагаа номд дурлагсдыг нэгэн цэгт төвлөрүүлж буй энэхүү арга хэмжээ ямаршуу болж байна вэ.
“Илүү их уншъя” уриатай үндэсний хэмээн тодотгох болсон “Номын баяр-2023”-ын намрын үйл ажиллагааг урьдын адил УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байна. Соёлын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж буй. Энэ удаагийнхад 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байна. Өнгөрсөн хавар болсон “Номын баяр-2023”-ыг зорьж 240 гаруй мянган хүн нийслэлийн төв талбайд ирсэн бол эдүгээ илүү гарах магадлалтай. Учир нь энэ удаа дөрвөн өдөр үргэлжлэх юм. Бороотой өдрүүд үргэлжилсэн тул нийслэлийн удирдлагын зүгээс нэг өдрөөр сунгах боломж олгожээ.
Уламжлал ёсоор номын баярын нээлтийг зохион байгуулсан. Зохиолч, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчдийн төлөөлөл болон УИХ-ын дарга, зарим гишүүн, Соёлын яам, нийслэлийн ЗДТГ-аас мэргэжилтнүүд оролцсон юм. Мөн Энэтхэг, Польш, БНХАУ, ОХУ, Вьетнам, ХБНГУ, Франц, Куба, Чех, Казахстан, Киргиз улсаас манайд суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл ирсэн байлаа.
Г.Занданшатар дарга үг хэлэхдээ уг баярт залуучууд өргөнөөр оролцдог болж буйг онцолно билээ. Мөн арга хэмжээ монгол туургатны төдийгүй олон улсын чанартай болох “замдаа орсныг” тодотгоод, Японы нэрт зохиолч Харүки Мүракамийг ирэх жилийн номын баярт урьснаа дуулгав.
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Т.Галсан “Монголчууд өөрсдөө даалимба, хөдөс өмсдөг, үр ачаа нэхийд өлгийддөг. Харин номыг торгоор баринтаглаж бурхныхаа зулайд залдаг. Ном бол хүнийг тархинаас нь гэгээрүүлж, зүрхнээс нь дулаацуулж байдаг. Өнөөдөр дэлхийн номт таван гүрний нэг хэмээн алдаршсан Монгол нь номынхоо баярыг дэлхийн хэмжээний номын баяр болгож буйд би баяртай байна” гэлээ.
“Нэпко” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, нийтлэлч, Төрийн шагналт, зохиолч Б.Батбаяр буюу Баабарын хэлснээр 1990 оноос өмнө манай улсад жилд 50-60 ном хэвлэгддэг байсан бол одоо хэдэн мянгаар тоологдож буй аж. Мөн тэрбээр хэвлэлийн хэд хэдэн компани нэгдэн “Дэлхийн зохиолч Монголд” хөтөлбөр эхлүүлсэн талаар хэлсэн. Дэлхийд алдаршсан зохиолчдыг энэхүү номын баяртаа оролцуулж, уншигчидтай нь уулзуулж байх юм бол тэднийг дагаж олон улсын ном хэвлэлийн компаниудынхан ирдэг болно. Цаашид энэ баяр олон улсын яармаг болох боломжтой гэж байлаа.
Мөн нээлтийн үеэр уламжлал ёсоор “Мэргэн ном” шагнал гардуулах ёслол болсон юм. Энэ жилийн “Мэргэн ном” шагналын “Номын ертөнцийн гавьяатан”-аар Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарчийг өргөмжлөв. “Онцлох ном”-оор зохиолч Ц.Ганболдын “Шувуу зүүрмэглэх зуур” туужийг шалгаруулж, “Шилдэг уншигч”-аар утга зохиол судлаач Б.Алтанхуягийг нэрлэлээ.
Номын баярын, номын худалдааны асруудаар ямар сонин сайхан байв. Хавар, намартаа уншигчидтайгаа байнга уулзаж, бүтээлийнхээ эргэн тойронд ярилцдаг зохиолчид, яруу найрагчид, орчуулагчид, редакторууд байраа эзэлжээ. Тэднээс хоёр зохиогчийг онцолъё. “Stigmatized” хэмээх нэртэй, хэнийг ч гадуурхалгүй амьдрахыг сануулсан агуулгатай, гарсан даруйдаа “Амазон” сайтын хамгийн олон уншигчтай номоор шалгарч байсан бүтээлийг зохиогчийн ээж, аав нь уншигчдад танилцуулж байв. Үүнийг Америкт дээд сургуулийг эдийн засагч, Нью-Йоркийн их сургуулийн магистрантурыг төрийн удирдлага мэргэжлээр дүүргэсэн Э.Рэнцэнханд бичсэн. Эдүгээ НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн бүтцийн ХБНГУ дахь салбарын дэд тэргүүнээр ажиллаж буй тэрбээр энэхүү номынхоо агуулгын хүрээнд энэ сарын 22-нд болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганд илтгэл тавих гэж буй юм билээ.
Монголоо дунд сургуульд сурч байхдаа сүрьеэ өвчнийг хэрхэн даван туулсан, АНУ-ын Нюь-Йоркийн их сургуульд яаж тэнцсэн, гэр хорооллын жижигхэн бор охин олон улсын хүмүүнлэгийн байгууллагын бодлогын болон төсвийн мэргэжилтэн болсон түүх зэргээ өгүүлсэн уг бүтээлийг энэ удаагийн номын баяраас онцлон нэрлэе. Женев дэх НҮБ-ын Сүрьеэтэй тэмцэх түншлэлээс түүний номоос 1000 ширхгийг захиалж, ажилтан, мэргэжилтнүүддээ түгээсэн бөгөөд энэ чиглэлээрх олон улсын хурал, семинарт гарын авлага болгон хэрэглэдэг болжээ. Э.Рэнцэнхандын ээж “Охин минь дэлхийн хүн болжээ. Өвгөн бид хоёр урилгаар нь Америкт очихдоо мэдсэн. Ажил нь хүнд юм шиг байна лээ. Цалин сайн авдаг бололтой. Асуухаар хэлдэггүй юм. Бид хоёрт олон сая төгрөгөөр байр авч өгсөн. Их гоё тохижуулсан л даа. Эхэндээ дасаж өгөхгүй байв. Гурван жилийн дараа л өөрийн гэр шигээ санаж, сэтгэл амар амьдарч эхэлж байна” гээд инээж байлаа. Э.Рэнцэнхандын “Stigmatized”-ийг монгол хэл рүү хөрвүүлж буй гэсэн.
Бас нэгэн танилцуулах бүтээл бол сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Хөрөг” хэмээх ном юм. Хүмүүсийн амьдрал, алдаа, оноо, улмаар хувь тавилангийн тухай өөрийн тунгааснаар урлан бичиж, бусдад шинээр танилцуулсан хөрөг нийтлэлүүдээ тэрбээр нэгэн дээвэр дор багтаан уншигч олны хүртээл болголоо. Б.Энхцэцэг анх удаа номоо гаргасан нь энэ. Манай сонины уугуул, олон жил улс төрийн сэдвээр бичиж, “шүүж” ирсэн тэрбээр сүүлийн жилүүдэд авьяастнуудын, авьяастай байхын жаргал, зовлон, адармаат ертөнцийг нь нээх хүсэлд хөтлөгдсөн мэт бичсэн. Уншигчид нь дараа нь хэний тухай бичих бол хэмээн хүлээдэг. Харин өдгөө тэд сэтгүүлчийн “төрүүлсэн” хүн бүрийн тухай тухлан уншихаар “Хөрөг”-өөс хоцорчих вий гэсэн шиг талбай руу жирийцгээж байна. Олон жилийн өмнө сэтгүүлч, эдийн засгийн чиглэлд гаршсан, мэргэшсэн Л.Болормаа “Даашинзтай сурвалжилгууд”-аа гаргахад нь бараг сэтгүүлч болгон баяр хүргэж, номыг нь худалдан авч байсан сан. Түүнээс хойш анх удаа сэтгүүлчид урд, хойноо орон Б.Энхцэцэгийг зорихыг, баярлахыг харахад сэтгүүл зүйн орчин сайн бүтээлээр дутаж, сэтгүүлчид үлгэр дуурайл болох нэгнийг хайж байгааг мэдрэх ч шиг.