Уран зохиолд шимтэн дурлагчид, тэр дундаа дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхдаг монгол уншигчдын хувьд онцгой, бас түүхэн гэмээр үйл явдал тохиолоо. Учир юу гэвээс БНХАУ-ын алдарт зохиолч Үй Хуа энэ сарын 16-18-нд манай улсад морилон саатаж, ном, зохиолд дурлагч монгол уншигчидтай биечлэн уулзлаа. Үй Хуа бол дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн шилдэг зохиолч. Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг. “Амьдрахуй”, “Вэн тосгон”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг дархалж, дэлхий дахинаа сая сая уншигчтай болсон энэ цаг үеийн онцгой авьяастан. Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал хүртсэн цор ганц ази зохиолч. Нэрт найруулагч Жан Имоүтэй хоршин Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир”-ийг эх орондоо авчирсан уран бүтээлч. Тиймийн тул Үй Хуатай уулзана гэдэг хаа газрын уншигчдын хувьд ховор тохиол, гойд үйл явдал билээ. Манай улсын нэгэн алдартай уран бүтээлч эрхэм хүртэл “Өчигдөрхөн тэртээ хол санагдаж асан их хүн өнөөдөр өөдөөс хараад сууж байгаа нь их хувь тохиол” хэмээн сүрдсэн, бахадсан өнгө аястай өгүүлсэн. Сүрдэхээс ч, бахдахаас ч яах билээ, тэр чинь Үй Хуа шүү дээ.
Алдарт зохиолчийг Монгол руу хөтөлсөн үүтгэл шалтгаан нь “Тагтаа паблишинг”, “Нэпко” хэвлэлийн газраас хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төсөл байлаа. Тэрбээр төслийн хөтөлбөрт үйл ажиллагаануудад оролцож, Улаанбаатарт гурван өдөр саатав. Түүний оролцсон хамгийн том, гол арга хэмжээ нь “Зохиолч, уншигчдын уулзалт” байсан юм. Үүнд Монголын уншигч, зохиолч, уран бүтээлчдээс гадна манай улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй өмнөд хөршийн иргэд, оюутан залуус олноороо оролцсон. Түүнтэй уулзана гэдэг харь орны иргэд байтугай хажуу дэргэд нь буй нутаг нэгтнүүдийнх нь хувьд ч онцгой тохиол гэлтэй. Уулзалтад оролцогсдын олонх нь залуус байсан нь Үй Хуа яалт ч үгүй шинэ үеийнхний сонголт, шилдэг зохиолч гэдгийг батлах шиг.
“Нэпко” хэвлэлийн газрын ТУЗ-ийн дарга, зохиолч, нийтлэлч Б.Батбаяр (Баабар) уулзалтыг нээж үг хэлэхдээ “Үй Хуа бол уран бүтээлээрээ уншигчдын сэтгэлийг татаж, дэлхийд гарсан хүн” хэмээн түүнийг тодотгосон бол Төрийн соёрхолт зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо “Ойрхон, зэрэгцээ мөртлөө ойлгомжгүй, харанхуй харагддаг байсан хятад хүний сэтгэлгээ, ертөнцийг монголчуудад нээж өгсөн гурван автор бий. Тэд бол зохиолч Үй Хуа, Мө Янь, найруулагч Жан Имоү” хэмээн онцолсон.
Энэ нь зохиолчийн хувьд манай улсад ирсэн анхны тохиолдол нь байв. Тэрбээр Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголд хийх айлчлалынхаа хөтөлбөрийг утаснаасаа харж, танилцсанаас хойш их өгөгдлийн систем (big data) ажиллаж, “Улаанбаатарын үдэш” хэмээх дуу бараг өдөр болгон утсанд минь ирж байлаа. 10 гаруй өөр дуучны дуулсан “Улаанбаатарын үдэш”-ийг 50 орчим удаа сонслоо. Улаанбаатарт газардахдаа ч үдшийн цагаар ирж таарсан. Уншигчдадаа баярлалаа. Намайг уншдаг хүн цөөнгүй гэдгийг мэдэх ч ийм олон гэж төсөөлсөнгүй. “Амьдрахуй” ном Монголд 50 мянган хувь борлогдсон гэж дууллаа. Нийт хүн амын тоотой харьцуулахад энэ бол маш том үзүүлэлт. Та бүхний мэдэж байгаачлан миний зохиолуудыг “Тагтаа паблишинг”, “Нэпко” гэсэн хоёр хэвлэлийн газар монгол уншигчдад хүргэсэн. Нэг зүйл ихэд сонирхолтой санагдсан нь “Нэпко”-г дандаа нийтлэлч, зохиолчид, “Тагтаа паблишинг”-ийг орчуулагч залуус хамтран үүсгэн байгуулсан юм байна. Энэ нь дэлхийн хэмжээнд ч их сонирхолтой тохиол” хэмээн дурдав.
Үй Хуа зохиолч таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлжээ. Хамгийн анх “Нэпко” хэвлэлийн газар “Хятад орныг 10 үгээр” хэмээх түүний эсээний номыг уншигчдад хүргэсэн бол дараа нь “Тагтаа паблишинг”-ийнхэн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”-ээр буухиалж. Өдгөө түүний таван роман, нэг эсээний, нийт зургаан ном монголчуудын хүртээл болжээ. Эдгээрээс Мө.Батбаярын орчуулсан “Амьдрахуй” хамгийн их борлогдож, олон уншигчид хүрсэнньаж. “Тагтаа паблишинг”-ийнхэн үүсгэн байгуулагдаад удаагүй ч Милан Кундера, Орхан Памук, Франц Кафка зэрэг дэлхийн шилдэг цөөн зохиолчийн шидээвэр бүтээлүүдийг хэвлүүлж, уншигчдын хүрээлэлд ид танигдаад байхдаа эл зохиолыг Монголын уншигчдад хүргэхээр түүнээс зөвшөөрөл хүсжээ. Ингэхэд тэрбээр ямар ч төлбөр мөнгө нэхэмжлэлгүй “Амьдрахуй”-г орчуулан хэвлэх онцгой эрхийг тэдэнд өгсөн байна. Гэтэл эл зохиол хэвлэгдсэн даруйдаа “бүүм” болж, хамгийн их уншилттай, борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ. Өнөөдөр ч “Амьдрахуй” бестселлер номын жагсаалтад зүй ёсоор багтсаар. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй, төсөрхөн бүтэц, төсөвтэй хэвлэлийн газрынхны хувьд үүн шиг том боломж, дэмжлэг гэж юу байх вэ. Тиймээс ч тэд зохиолчийн эл номыг араасаа олон олон шилдэг бүтээлийн “чингэлэг” дагуулсан зүтгүүр, хэвлэлийн газрынх нь цор ганц бестселлер бүтээл гэж онцолсон. “Та ийм алдартай бүтээлээ яагаад бидэнд үнэгүй бэлэглэсэн юм бэ” хэмээх “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн асуултад тэрбээр “Зохиолчдод хэвлэлийн эрхээс илүү уншигчид үнэ цэнтэй. Би номд ид хорхойтож эхлэх үедээ дандаа л хэвлэлийн эрхгүй, гадаадын зохиолчдын бүтээлийг уншиж байсан. Зохиолчдод уншигч хамгаас чухал” гэж хариулсан нь уншигчаа дээдэлдэг жинхэнэ зохиолч хүнээс л гарах хариулт байв.
Үй Хуа зохиолчийг дэлхий дахинаа алдаршуулсан, амьдралынх нь эргэлтийн цэг болсон бүтээл нь “Амьдрахуй”. Алдарт найруулагч Жан Имоү эл романаар ижил нэрт кино бүтээсэн нь одоогоос 30 орчим жилийн өмнө Каннын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан түүхтэй. Сайн бүтээл цаг хугацааны урсгалд үл баригдан ямагт “олз” болж, шүүмжлэл, магтаал дагуулдгийн үлгэрийг “Амьдрахуй” одоо ч туулсаар буй. Зарим нь түүний эл бүтээлийг маш хүнд, нэг хүнд ахадсан, итгэмгүй их зовлон зүдгүүр үүрүүлсэн зохиол гэж дүгнэх нь ч бий. Зохиолч үүний хариултад “Амьдрахуй” бол үхлийн тухай зохиол. Гэхдээ бидэнд яаж амьдрахыг зааж өгдөг. Миний зохиол бүтээлийн нууц нь, оньс нь хүмүүст найдлага төрүүлдэгт бий” гэсэн юм. Нэрт зохиолч, найруулагчийн уран бүтээлийн энэхүү хоршил нь “Кино, зохиол хоёрын аль нь илүү вэ” гэсэн асуултаар уншигч, үзэгчдийг мэтгэлцүүлж, ээрсээр ирсэн юм. Уулзалтын үеэр ч нэг нь түүнээс энэ тухай асуугаад амжив. Харин зохиолч “Таны зохиол киноноосоо хамаагүй сайхан гэж надад маш олон хүн хэлсэн. Жан Имоүд ч олон хүн “Таны кино зохиолоосоо сайн болсон” хэмээн хэлсэн. Анх киногоо үзээд “Миний зохиол биш юм биш үү” гэж бодогдсон. Найруулагчид ч үүнийгээ хэлсэн. Маш олон тайлбар өгсөн. Кино олны хүртээл болсны дараа би урилгаар гадаадын маш олон уулзалт, арга хэмжээнд оролцсон. Жан Имоүг надаар төлөөлүүлж үзэгчидтэй уулзуулдаг арга хэмжээнүүд байсан л даа (уншигчид нирхийтэл инээв). Гадаадын оронд үйл ажиллагаанд оролцохдоо өөрийнхөө киног 20 гаруй удаа үзсэн. Энэ бүхний дараа “Би яагаад энэ кино шиг зохиол бичиж чадаагүй юм бэ” гэх бодол төрсөн. Хүмүүс энэ киноны талаар асуухад би нэг л зүйл хэлдэг. “Мундаг кино болсон” хэмээдэг” гэж хошигнон хариулсан юм. Ерөөс тэрбээр бичих авьяас лугаа халгиж цалгисан хошин мэдрэмжтэй уран бүтээлч аж.
Хятадын орчин цагийн уран зохиолын гол төлөөлөгчид болсон Үй Хуа, Мө Янь нарын хувьд үзэл суртлын хавчлага, дарамт дор зохиол бүтээлийнхээ туурвилын ид замналыг эхлүүлж, сөхөрч цуцалгүй, сөрж бичиж ирсэн уран бүтээлчид хэмээн үнэлэгддэг. Алдарт “Амьдрахуй” киног нь хүртэл эх нутагт нь гаргахыг эрс хориглож асан түүхтэй. Зохиолч хүнд бичих эрх чөлөө ямар чухал болохыг түүнээс нэгэн уран бүтээлч асуухад “Бичихийн тухайд харьцангуй эрх чөлөөтэй, нээлттэй. Харин бичсэн зүйлээ хэвлэж, уншигчдын хүртээл болгох тухайтад л эрх чөлөөний асуудал хөндөгддөг. Би зохиолоо бичиж байх явцдаа хэвлэгдэх болов уу, яах бол гэж ер боддоггүй. Энэ бол дараагийн асуудал” хэмээгээд зохиолч хүн ийм айдас, хүлээсэнд баригдах ёсгүйг хэлэв.
Ийм нэг “амттай” яриа өрнөсөн, дэлхийн хүн дэргэд “буусан” онцгой Улаанбаатарын үдшийг “Тагтаа паблишинг”, “Нэпко” хэвлэлийн газар 34 дэх удаагийн Үндэсний номын баярын өдрүүдэд монголчуудад бэлэглэлээ. “Дэлхийн шилдэг зохиолч Монголд” төслийн босгыг тэд Үй Хуа хэмээх дэлхийн хүнээр дэндүү өндрөөр тавилаа.
Бэлтгэсэн: Н.Мишээл