”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлээд байна. Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнэ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьжээ.
Тэрбээр есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтай уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгнө. Үй Хуагийн Монгол уншигчидтай уулзах уулзалт есдүгээр сарын 16-нд буюу өнөөдөр 16.00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг тэрбээр нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ.